УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат нар өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улс дефолт зарлах дөхснийг аанай л өндөр дуугаар зарлан мэдэгдлээ. “Ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын сонгуулийг дахин явуулая. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Ядуурал, ажилгүйдэл хэцүүдлээ” гэцгээн орь дуу тавив. Тэдний ярьж байгаад үнэн бий л дээ. Улсын нийгэм, эдийн засгийн байдал туйлын хүнд байна. Ард түмэн амаараа шороо үмхэх нь холгүй туйлдаж байна. Гэхдээ Засгийн газрыг огцруулаад, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулаад бүх зүйл өргөс авсан мэт сайн, сайхан болох уу? Нэг ид шидтэн гарч ирээд л илбэдсэн юм шиг өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, богино хугацаанд хүндрэлтэй асуудлаас гаргах юм биз дээ? АН-ын засаглалын он жилүүдэд Монгол Улс мандан бадарч байсан уу? Дэлхийг хамарсан цар тахал, Европт ноцоод байгаа дайны нөлөөнөөс Монгол Улсыг ангид байлгах тийм агуу шидтэн гарч ирвэл хамаа алга, өнөөдөр ч гэсэн сонгууль явуулая! Хүнд байдлыг нэгдмэл, хүч, эв нэгдлээр л хохирол багатай давна.
Д.Лхагва