Цахилгаан, дулааны хямрал нүүрлэх болсон нэгэн шалтгаан нь барилга барих зөвшөөрлийг баруун солгойгүй өгсөнд байгаа гэж үзэж байна. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний эх үүсвэрээ тооцолгүйгээр хотын төвд болон орон сууцны хороолол болгоны зай завсар бүрт барилга байшин овоолсноос болоод Улаанбаатар хамгийн төлөвлөлтгүй, эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд амьдрах боломжгүй аварга суурин болж хувирсан нь гашуун үнэн. Энэ бол авлигад идэгдсэний үр дагавар гэж олон түмэн яриад, бухимдаад байгааг анхаарч хариуцлагын асуудлыг сөхөж тавьмаар байна! Засч залруулах ямар боломж, гарц байгааг яаралтай олж, арга хэмжээ авмаар байна!
Барилга хоорондын зай, стандарт аль хэзээ алдагдсан байхад төр засаг, салбарын яам, хотын захиргаа яагаад дуугүй байна вэ?! Яагаад олигтойхон арга хэмжээ авахгүй байна вэ?! Хотын төвийг хүн гишгэх аргагүй болтол чанартай чанаргүй байшингаар хашихын оронд гэр хорооллыг барилгажуулах ажилд олигтой ахиц дэвшил гарахгүй байгаад дүгнэлт хийх цаг болсон биш үү?!
…Манайх 9 жилийн өмнө 15 дугаар хороололд шинэ байранд орсон юм. Гэтэл 4 жилийн өмнөөс манай байрны ард талд 16 давхар барилгууд баригдаад эхэлсэн. Яг өндөр орон сууц барих боломжтой газар мөн үү, биш үү гэдгийг нь сайтар тооцож байж барилга барих зөвшөөрөх өгсөн, эсэхт нь бид эргэлздэг. Түүнээс гадна тэр барилгууд ашиглалтад орсноос хойш бидний ая тухтай амьдрах боломж эрс өөрчлөгдөж, алдагдаж эхэлсэн. Тэдгээр барилгыг барьсан хүмүүс нь хаалга, шат хийж оршин суугчдад урагшаа шууд нэвт явах боломжийг нээж өгснөөр манай хотхоны ачаалал эрс нэмэгдсэн. Гараад тайван амгалан алхах ямар ч боломжгүй болчихлоо. (БЗД. 5 дугаар хорооны иргэн Ц.Надмид)
Д.Лхагвадорж