Өмнөх долоо хоногт оюутан, залуус жагслаа. Мөн л шударга ёс нэхэцгээлээ. “Манай өнөөгийн залуус мундаг байна”. “Цоо шинэ “эрүүл хөрс” ургаж байна”, “Одоогийн залуус соёлтой, ухаантай үнэн тасархай болжээ” гэж ирээд л том багагүй ам уралдан магтацгаав. Ерөнхий сайд хоёр ч удаа өөрийн биеэр гарч ирээд “үнэн зүрх сэтгэлээсээ” уучлалт гуйж, улмаар Засгийн газрын шуурхай хуралдааныг зарлан оюутан залуучуудын Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагын дагуу тодорхой арга хэмжээ авах болсныг мэдэгдлээ. Мөн Ажлын хэсэг байгуулж Ерөнхий сайд өөрөө ахлан, шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулахаар тогтсон юм.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан Ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 10-нд хуралдах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн залуус жагсаалынхаа үеэр тавьсан шаардлагад бодитой хариу өгөх ёстой. Тэдний тавьсан шаардлагын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хий гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байлаа. Бусдын явцуу эрх ашгаас ангид байж, үнэт зүйлийнхээ төлөө нэгддэг, зөвхөн ярьдаг биш, үйлдлээрээ нөлөөлдөг шинэ үе ирж байгаад бахархахаас өөр аргагүй” гэж олзуурхав.
Өөрөөр хэлбэл, өмнө нь өчнөөн олон жагсаал болж байсан. Харин залуус ганц хоёрхон өдөр жагсаад л төр засгийн чихийг онгойлгосон болж таарч байна. Заавал жагсаал цуглаан өрнүүлж, орилуулж бархируулан байж бодлогодоо өөрчлөлт оруулж, хэмнэлтийн горимд шилжих шаардлага байсан юм уу? Үнэхээр л төр засгийн бодож олоогүйг залуус хэлсэн юм бол шалгуур хангасныг нь зохих албан тушаалд нь томилж болохгүй юү? Эрх баригчид өмнө нь өөрсдөө санаачлан хэрэгжүүлэхэд юу саад болж байв?
Д.Лхагва