Монголчууд буянт малынхаа хүчинд аливаа хямралыг даваад л гарч байсан. Цар тахал, дээр нь гадаад хямралт хүчин зүйл буюу цэрэг дайны ажиллагаанаас болоод дэлхий нийт дахин хүнд сорилт, гүнзгий хямралтай нүүр туллаа. Маш амаргүй сорилт хүссэн ч, хүсээгүй ч тулгарав. Монголчуудын хувьд аливаа хэцүү цаг үеийг буянт малынхаа үр шимээр харьцангуй бага өлсөж давж байсан. Энэ утгаараа Ерөнхий сайдын “Дэлхийн хямрал хаяанд ирлээ. Бидний хувьд юуны өмнө мах, гурилтайгаа байх нь чухал” гэж хэлсэн нь бодит байдлын үр дагаврыг тооцсон үг шүү. Монголчуудыг мал сүрэг маань үеийн үед тэжээж ирсэн. Энэ утгаараа малчдаа хайрлаж дэмжих ёстой! Мөн газар тариалан эрхлэгчдээ боломжийнхоо хэмжээгээр дэмжмээр байна, тусламаар байна.
Өнгөрөгч намар “Өдрийн 50 мянган төгрөг өгье, Ургац хураалтад яваад өгөөч гэхэд ажилгүй хүмүүс уг нь хошуурах ёстой. Гэтэл ажил хийе гээд ирэх хүн цөөн байна” гэж газар тариалангийн компанийн захирлууд сэтгэл гонсгор өгүүлж байсан. Дэндүү харамсалтай үзэгдэл л дээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгэн мянгат малчин “Туслах малчин авая гэхэд хэдхэн хүн ирэх юм. Ирлээ ч ганц хоёрхон сар болчихоод яваад өгөх юм. Бодвол нөгөө Улаанбаатартаа очоод халамж горьдоод хэвтэж байгаа биз” гэж толгой сэгсэрч cyycaн. Ажлыг голохгүй хийж байж ар гэрээ авч явна биз дээ? Хямрал хаяанд ирчихлээ. Бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэх нь ойлгомжтой боллоо. Ийм үед хүн болгон ёстой л шоргоолж шиг хөдөлмөрлөх ухамсартай байх ёстой. Амар хялбар аргаар амьдрах гэсэн, бурууг бусад руу чихсэн арчаагүй сэтгэлгээнээсээ маш хурдан салах ёстой!
Д.Дорж