Хэдэн жилийн өмнө “37 дугаар точка” гэдэг айхавтар боевик сериал гарав аа. Зодоон цохион, хутаг шөвөг, буу шийдэм, хулгай, дээрэм тонуул, залилан, цус нөж, хэрүүл хараал гээд их л хүнд үзэгдлүүдээр дүүрсэн кино л доо.
Яг ямар ач холбогдолтой, юу хэлэх гээд байгааг нь үзэгчид агуулгын хувьд сайн ойлгоогүй юм билээ. Ямар ч байсан хэлбэрийн хувьд өсвөр үеийн хүүхэд, залууст тийм ч сайн нөлөө үзүүлээгүй байх.
Нийгэм тэр аяараа сошиалын бохир эргүүлэгт орсон, ард түмний сэтгэлгээ, ёс суртахуун, зан төлөв, нийгмийн хандлага, ухамсар зэрэг нь санаа зовоох хэмжээнд хүрчихээд байгаа өнөө үед олон нийтийн сэтгэлгүйг засах, эрүүлжүүлэх, гэгээрүүлэх чиглэлийн үзэл санаа уран бүтээлд үгүйлэгдэж байна. Урлагаар дамжуулж нийгмийн сэтгэлзүйг эмчлэх бүрэн боломжтой. Угаасаа урлагийн хамгийн чухал үүрэг нь цэнгүүлэхээс гадна ард түмний ухаан бодлыг ариусгах, гэгээрүүлэхэд оршдог. Яг энэ орон зай өнөөдөр маш их үгүйлэгдэж байгааг хэзээ олж харах вэ?
“Боловсрол суваг” ТВ-гээр “Хавтас хэрэг” гэдэг олон ангит кино үзэгчдийн хүртээл болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулж хийсэн бололтой юм. Бүх талын уран бүтээлчид сайн ажилласан нь анзаарагдаж, харагдаж байгааг үгүйсгэхгүй.
Гэхдээ хэргийг яаж үйлдэж, хэрхэн илрүүлж байгааг илүүтэй нарийн харуулахад зохиолч, найруулагч голлон анхаарч. Хамгийн гол нь зарим талаар хүүхэд залуусын ургаж байгаа оюун санаанд ямраар нөлөөлөх бол гэдгийг сайтар бодолцож үзэх хэрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл, хүнийг шууд хутгалж, эсвэл боож алж байгааг детальный харуулах хэрэг байсан юм уу? Бүхэл бүтэн хүнийг малнаас дор яргалан хөнөөж байгааг нарийвчлан дүрсэлж үзүүлэх бус жигшүүлэх тал дээр анхаарах ёстой гэж бодож байна. Адал балмад этгээдүүд үүнийг үзээд ухаарал сэхээрэл авах уу? Юу л бол!
“Тэртээ тэргүй гадаадын киноноос айшигтай аллага, хүчирхийллийг хангалттай үздэг биз дээ” гэх хүн гарч магадгүй. Гэхдээ Монголын нийгэм, цаг үеийн сэтгэлгээ, орчин нөхцөл өнөөдөр ямар байгаад дүгнэлт хийж уран бүтээлийнхээ агуулга болоод хэлбэрт мэдрэмжтэй хандахгүй бол гарах үр дүн нь хэцүү дээ!
Хэрэг юунаас болж гардаг вэ, хор уршиг нь хувь хүнд болоод хайртай дотно хүмүүст нь, нийгэмд ямар хүндээр тусдаг вэ, яавал урьдчилсан сэргийлэх вэ, гэмт хэрэгтэн, бас гэмт хэргийн золиос болохгүйн тулд яах ёстой вэ гэх зэрэгт гол хариулт өгөх ёстой байсан мэт.
Д.Лхагва