1990 оноос хойш орон нутгаас Улаанбаатар руу шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Ялангуяа 2003 онд Хүний эрхийн үндэсний комисс “Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг барьж байр сууриа илэрхийлснээс болоод нийслэлд шилжин ирэгсэдээс авдаг 50,000 төгрөгийн хураамжийг хүчингүй болгож билээ. Тухайн үед энэ мөнгө чамгүй ханштай, ард түмний амьдрал ч тааруу байсан болохоор тэр болгон хотын паспорт авч чаддаггүй байв. Харин хүссэн хэн боловч ямар ч хураамжгүйгээр нийслэлийн иргэн болох боломжийг олгосноор хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл хөвөрч өгсөн дөө. Удалгүй уулын орой тэр чигээрээ айлуудаар дүүрч, үерийн аман дээр гэрээ барих үзэгдэл гаарсан. Үр дагаварт нь утаа, нийгмийн асуудал хоёр дийлэхээ больсон билээ. Цагтаа цэвэр цэмцгэр, өөрийн гэсэн өнгө төрхтэй байсан хотын нүүр царай богино хугацаанд алдагдаж, тэр чигээрээ утаанд эзлэгдэх нь тэр ээ. Зөвхөн утаа ч бус хөрсний бохирдол дагаад үүссэн. Олон улсын жишгээс харахад утааг бууруулах ганц үр дүнтэй арга бол түүхий нүүрсний хэрэглээг халах явдал. Өөрөөр хэлбэл, барилгажуулна гэсэн үг. Яаж ч бодсон утаанаас салах арга үүнээс өөр байхгүй гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн. Үе үеийн Засгийн газрууд утаатай тэмцэх гэж үзсэн үү гэвэл үзсэн. Гэхдээ үр дүнгүй тэмцсэн. Утаагүй зуух гэдгийг гаргаж үзлээ, гэр хорооллынхны цахилгааны тарифыг шөнийн цагт тэглэж үзлээ. Энэ мэтэд хөрөнгө мөнгийг тэрбум тэрбумаар нь зарцуулсан. Зарим нь их хэмжээний мөнгө идэж шамшигдуулсан хэргээр шүүхийн хаалга татаад хүртэл авсан. Сүүлд утаагүй зуухаа болиод утаагүй түлш гэдгийг санаачлав. Гэхдээ л утаа арилахгүй байгааг иргэд өвөлжин шүүмжилсээр л өнгөрсөн.
Э.Бат-Үүл хотын дарга байхдаа гэр хорооллыг барилгажуулах зорилт дэвшүүлж, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Ямарч байсан Баянхошуу хүртэл инженерийн шугам орчихлоо. Гэхдээ 2016 оноос хойш уг ажил зогсов. Э.Бат-Үүл дээр ихээхэн мөнгөний асуудал яригдаж шүүхээс ял сонсов.
Гэхдээ судалж үзээд боломжтой бол дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхгүй бол утаанаас салах нь юу л бол? Ямартаа ч утаагүй зуух, утаагүй түлш гэх мэт нь үр дүнгээ олигтой өгөхгүй бололтой. Хотын захиргаа баар савыг өглөөний 05 цаг хүртэл ажиллуулж, архи зардаг дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг устгахаас илүү гэр хорооллыг барилгажуулах асуудалд онцгой анхаарах нь чухал болоод байна. Ямар нэгэн гарц, шийдэл олохоос өөр арга алга! Эс бөгөөд жилээс жилд утаандаа баригдаж, өвчлөл газар авч үндэсний аюулгүй байдалд аюул учирсаар байх болно.
Д.Лхагва