АН үг хэлээ олохгүй их л удаж байна. Хэлээ олоогүй цагт хөлөө олно гэдэг ёстой гонж биз. 2021 оны 11 дүгээр сарын 05-нд болсон АН-ын Онц хурал гэгчээр Х.Баттулгын хүн гэгдэх О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгож, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар хүртэл хүлээн зөвшөөрсөн санагдах юм. Гэтэл энэ сарын 05-нд АН-ын ээлжит бус Их хурал болж огт өөр шийдвэр гаргасныг С.Эрдэнэ мэдэгдэв. Тэр хүн “Би АН-ын дарга хэвээр” гэв. Өөрөөр хэлбэл, оны өмнө хуралдсан Онц их хурал нь ч, шинээр сонгогдсон гэх О.Цогтгэрэл нь ч хүчин төгөлдөр бус гэсэн үг. Үүнээс болоод тус нам дотор мөн л бужигнаан үүсээд байна.
AH-ын экс дарга С.Эрдэнийн хувьд угаасаа Х.Баттулгын эсрэг зогсох болсон бөгөөд энэ утгаараа О.Цогтгэрэлийг тууштай эсэргүүцэж, өөрийгөө намын дарга хэвээр хэмээн өнөө хэр зарласаар явна. “АН-ын хуваагдлын гол эзэн нь Х.Баттулга. Тэр хүнийг бид намаасаа дэмжиж Ерөнхийлөгч болгосон ч ардчиллын хайрыг даагаагүй. Төрийн тэргүүн болсныхоо маргаашаас эхлээд л биднээс зайгаа барьж эхэлсэн. 2020 оны сонгуульд АН том ялагдал хүлээсний нэгэн шалтгаан нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож чадаагүйд байсан” гэж мэдэгдэж байсныг нь хүмүүс мартаагүй. Ядаж байхад дайран дээр давс гэгчээр өнөө заналт Х.Баттулга нь сая АН-ын даргын сунгаанд нэр дэвшихээ зарлачихлаа. Энэ нь С.Эрдэнэ тэргүүтний ундууцлыг мөн л хүргэж “Хэрвээ. Х.Баттулга ялбал би хэзээ ч намын даргын тамгыг өгөхгүй” гэж ярьсан бололтой. Хэрэв энэ үнэн бол АН мөд ойлголцолд хүрэхгүйгээр барахгүй Х.Баттулга нар Ардчилсан Нам гэдэг нэрэн дээр үлдэж Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ тэргүүтэн орон зайгүй болно гэсэн үг.
Ер нь ингэж шуудайнд хийсэн үрхийн эврээс ч дор байр сууриа булаалдан тэмцэлдэж байхаар тус тусынхаа амбицыг хөөгөөд явчихсан нь дээр ч юм шиг. Ардчилсан Нам гэдэг нэрэн дээр хэн, хэн үлдэж, хэний тоглолт эхлэхийг харах л үлдлээ.
Д.Лхагва