Монгол Улсад долоон удаа парламентын сонгууль болсон бол, одоо 13 дахь Засгийн газар нь ажиллаж байна. Онцлог нь өмнөх Засгийн газруудаас П.Жасрай (1992-1996), Н.Энхбаярын (2000-2004) Засгийн газруудад л бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээх хувь тавиланг Монголын улстөр олгож байлаа. Улстөрийн хүчний хувьд бүрэн төлөвшиж гүйцээгүй байсан болоод ч тэрүү АН-ын Засгийн газрууд хамгийн эмзэг байсан.
Сөрөг хүчний тоглолтод амархан өртөж засгаараа туг тахидаг үзэгдэл тэдний засаглалын жилүүдэд (1996-2000) мода болоод байв. Гэтэл энэ хувь заяа эв нэгдэлтэй, хашир туршлагатай МАН-ыг ч тойрсонгүй. 2004 оны сонгуульд МАН, АН хүч тэнцэж түүхэндээ анх удаа эвслийн Засгийн газар байгуулахаар шийдвэрлэж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилж байлаа. Гэхдээ МАН-ын хашир бурхинууд АН-ын дотоод зөрчил дээр чадмаг тоглолт хийж 2006 оны 1 дүгээр сард эвслийн Засгийн газрыг огцруулж өөрсдөө эрх мэдлийг гартаа авч дөнгөсөн юм. Гэтэл ёстой санаанд оромгүй юм болж МАН дотор Засгийн газраа огцруулах хөдөлгөөн өрнөсөн нь гайхалтай үр дүнд хүрч 2007 онд М.Энхболдыг намын даргаас нь ч, Ерөнхий сайдаас нь ч салгаж дөнгөсөн. Балчир АН ч биш улстөрийн ууган хүчин ч эв нь таарвал Засгийн газраа нухчих эрсдэлтэй нь үүнээс харагдаж билээ. Энэ түүх 2017 онд дахин давтагдаж УИХ-д үнэмлэхүй олон суудалтай МАН Засгийн газраа огцрууллаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын ажиллах хугацаа ердөө нэг жил, нэг сар байсан бол У.Хүрэлсүхийн танхим ч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч байна. Яг үүнтэй давхцаад Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж эхэллээ. АН-аас ийм арга хэмжээ авах болсныг өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг зарлалаа. Доллар болоод шатахууны үнэ жолоо цулбуураа алдаж эхлээд байхад төр засаг бодлогын арга хэмжээ авахгүй байна гэж сөрөг хүчин үзэж байгаа бололтой. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зөрчлөөс үүдэлтэй эрх баригчдын хоёр хуваагдмал шинж байдлыг яаж ч эргүүлж мэдэх юм. Валют, шатахууны үнийн өсөлтийг дагасан өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлөөс гадна өөр хэд хэдэн таагүй шалтгаан энэ засгийн нэр хүндэд толбо үүсгээд байгаа.
Д.Лхагва