Үндэсний соёл амралтын хүрээлэнд нэгэн арга хэмжээ болсон нь сошиалд шуугиан тарих сайхан далим болов. Уг нь байдаг л нэг шоу биш цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээ л дээ. Ерөнхий сайдын хувьд бодит байдлыг их өвөрмөцөөр харж, аль болох шинэлэг бодлого хэрэгжүүлэхээр зорьж, зүтгэж байгаагийн нэгэн илэрхийлэл бол дээрх арга хэмжээ. Харамсалтай нь Засгийн газрын ажлыг алхам тутамд нь харлуулах зорилготой хэсэг бүлэг хүмүүс асуудлыг ичгүүргүйгээр улстөржүүлж сошиалд түймэр дэгдээх ээлжит оролдлогоо амжилттай хийв. Олныг хамарсан өч төчнөөн арга хэмжээ болж байхад яагаад заавал “Digital Nation 2021”-ыг онцлон дэвэргэх болсон нь цаанаа өөр учиртай нь дэндүү ойлгомжтой.
Анти Засгийн газрын баг нэг мессэж хаяхад гар хөлүүд нь тэр дор нь сэвж, улмаар юм зүйлийг харлуулж, гутааж, доромжилж, гүтгэхийн өвчин туссан хүмүүсийн цөсийг хөрүүлж орхив.
Хамгийн харамсалтай нь Соёлын сайд Ч.Номингоос гадна 30 нас ч хүрээгүй залуу бүсгүйг тал талаас нь хайр найргүй балбаж байна. “Миний охиныг, эгчийн, дүүг ингэж ямарч зай завсар өгөхгүйгээр барьж идээд байвал ямар байх вэ?” гэж бодох, эргэцүүлж харьцуулж бодох ухамсар үнэндээ алга!
Хүний бөөгнөрөл үүссэн дүр зураг харагдсан ч учир мэдэх улсуудын яриагаар бол тэнд оролцсон хүмүүсээс түргэвчилсэн тест авсан аж. Тэгээд ч маскгүй хүн нэг ч байгаагүй бөгөөд ариутгал, халдвар хамгааллын дэглэм сайтар хангагдсан юм билээ. Засгийн бодлогыг шүүмжилж болно. Гэхдээ жаахан хэмжээ хязгаартай баймаар байна.
Д.Дорж