15 дугаар хороолол, Жуков худалдааны төвийн урт талын нарийхан зам дээр 50 орчим насны хүн жаахан хүүхэд хөтөлчихсөн гарч явтал пицца хүргэлтийн цагаан машин хар хурдаараа эргээд золтой л мөргөчихгүй. Явган зорчигч айсандаа ч тэр үү чангаар орилтол машины жолооч 20 орчим насны банди цонхоороо “Гөлөг минь хуцаад байгаарай” гэж хэлэх, хэлэхгүй үгээр нөгөө хүн рүү дайрах сонсогдов. Хурд хэтрүүлж бүхэл бүтэн айлын хувь заяаг орвонгоор нь эргүүлэх шахчихаад гэмшсэн шинж даанч алга.
Улаанбаатар угаасаа эрсдэл ихтэй, хүүхдэд ээлгүй, хүмүүст халгаатай хот. Өглөө ажилдаа яваад орой гэртээ буцаж ирэх баталгаа үгүй. Хотын гудамжаар давхилдах машинууд тэр их эрсдлийн гол эзэд. 19 цагаас хойш гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг хэрэг зөрчил эрс нэмэгдэж, гэм зэмгүй олон хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой заналхийлж байна! Гарцаар, ногоон гэрлээр гарч яваад ухамсаргүй жолоочийн буруугаас хохирно гэдэг дэндүү харамсалтай.
Зүүн 4 замаас зүүн чиглэлд, мөн Офицеруудын ордноос зүүн 4 замын хооронд гэрлэн дохио зөрчих хэрэг дэндүү хавтгайрлаа! Хүмүүс гарцаар, ногоон гэрлээрээ гарч явахад огт зогсдоггүй жолооч нэртэй балмад этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох цаг болжээ!!!
Д.Дорж