Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналыг УОК-т хүргүүлсэн талаар мэдэгдэв. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Хөл хориог тавдугаар сарын 2-ны өдөр хүртэл 7 хоногоор сунгавал өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна. Харин дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан байна. Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцинжуулахгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоо гарсан. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна” гэлээ.