УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2018.08.13/ ээлжит бусаар хуралдаж цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь тус намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ: Бид УИХ-ыг тараахад ямар нэгэн байдлаар сандал суудалтайгаа зууралдаад байх сонирхол алга
-Ер нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах баталгаа үндсэндээ алдагдаж байгаа. “Эрдэнэт’ үйлдвэрийн 51 хувьтай эрх баригчид ард түмний тархийг угаах замаар 49 хувийг хэсэг бүлэг хүмүүс дээрэмдчихсэн мэтээр ярьж, ухуулж явсаар өнөөдрийг хүрсэн. 49, 51 хувийн асуудлыг нэгтгэж, нэгдсэн ажлын хэсэг гаргаж шалгах шаардлагыг би удаа дараа тавьсан. Одоо болтол 51 хувийн асуудал шийдэгдээгүй л байна. Английн арбитрын шүүхээс эцсийн шийдвэр нь гарсан. Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт ”Эрдэнэт’ үйлдвэрийн Хуулийн хэлтсээс бичиг ирүүлсэн байна. Энэ бичигт дурдсанаар бол өнөөдөр тус үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг царцаах, битүүмжлэх, эрх бүхий этгээдүүдийг гадаад улс оронд зорчих эрхийг хязгаарлах зэргээр маш олон арга хэмжээг авахад бэлэн болчихсон байгаа юм байна. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсэх юм бол зэсийн баяжмалаас гэхэд л бараг нэг их наяд гаруй төгрөгийн орлого олох боломжгүй болж гадаад зах зээл царцах болно. Улс хооронд хийгдэж байгаа гүйлгээ үндсэндээ зогсох зэрэг ноцтой үр дагаврууд гарах байдал үүсээд байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газар одоо болтол ганц ч дорвитой алхам хийхгүй байна. Энэ Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болоод эрдэнэт хүний амь нас эрсэдлээ. Зүгээр золгүй байдлаар хүний амь нас эрсдэж байгаа биш санаатайгаар хөнөөж байгаа нь аймшигтай. Эрх барьж байгаа намын дотоод зөрчлийн улмаас эрдэнэт хүний амь үрэгдэж байгаа нь үнэхээр ноцтой асуудал. Төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эндэж, алга болох асуудал газар авч байна. Бид хариуцлага ярьж байгаа. 60 тэрбумын нөлөөгөөр мэдлэг боловсролгүй хүмүүсийг төрийн албанд томилсны гор нь гарч байгаа. Тиймээс өнөөдөр салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга арга хэмжээ аваад өнгөрөх биш удаа дараагийн хариуцлагагүй үйлдлүүдийнхээ хариуцлагыг хүлээж энэ Засгийн газар огцрох нь зүйтэй. Хэрвээ хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй юм бол УИХ өөрөө тарах ёстой. Бид ард түмний өмнө хариуцлага хүлээх гэж гарч ирсэн тиймээс бид хариуцлагаа хүлээх л ёстой. Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараахад ямар нэгэн байдлаар сандал суудалтайгаа зууралдаад байх сонирхол алга. Бид УИХ-ыг хариуцлага тооцуулах асуудалд хатуу чанд ажиллах болно.
Д.Эрдэнэбат: Засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах ёстой
-Сүүлийн үед гарч буй үйл явдал Монгол Улсын төрийг чадамжгүй болгох чиглэл рүү шууд явж байна. Үнэмлэхүй олонхи болсон МАН-ын эрх баригчид сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн үйлдэл явуулсан бодлогогүй алхамууд төрийн нэр хүндийг бүрэн унагаж байна. Энэ мэтээр үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ дахь манай намын бүлгийн яаралтай хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах, Засгийн газрын хууль бус бодлогогүй үйл ажиллагаа, төрийн албыг үнэгүйдүүлж байгаа алхамууд зэрэгтэй холбоотойгоор мэдэгдэл гаргаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг ирүүлсэн. Зөвлөмжийг бүлгийн хурлаараа хэлэлцэж энэ мэдэгдлийг дэмжсэн шийдвэрийг гаргасан. Мэдэгдлийг уншиж, танилцуулъя:
“Төрийн бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй, назгай үйл ажиллагааны улмаас сүүлийн үед нийгмийг цочроосон, бухимдуулсан асуудлууд шил даран гарч байна. Энэ нь 2016 оны УИХ-ын сонгуулийг 60 тэрбумаар үнэлэн үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн бүхий л эрх мэдлийг цөөн хэдхэн хүмүүсийн гарт төвлөрүүлж, төрийн албыг арилжаалсан нь Монгол төрийн хууль дээдлэх ёс,төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж, байна. Монгол төрийн албыг сонгуулийн мөнгөний эх үүсвэр болгон илт хууль бус арга хэрэгсэл болгосны хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр хангагдсан байх ёстой төрийн албыг нам, танил тал харж, мөнгө төлсөн этгээдүүдээр сольж шургалуулсан нь өнөөдөр төрийн албыг үнэгүйдүүлж хариуцлага, ёс зүйг умартан байгаагийн тод жишээ болж байна.
1.Төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу ЗТХЯ-ны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь дэндүү хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авсны илрэл юм.
2.Стратегийн чухал объект болох Төмөр замын байгууллагад хариуцлагагүй байдал газар авсны улмаас байгалийн гамшгийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс зам харилцаа, нийтийн тээврийн аюулгүй байдал олон удаа зөрчигдөж, Монгол хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, төсөвт олон сая төгрөгийн хохирол зэрэг нь иргэний дайнтай орнуудын хохирлоос даван гарах болсон нь туйлын харамсалтай.
3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадны тусгай алба тусгай ажиллагаа явуулж хүн хулгайлсан үйлдэл нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг уландаа гишгэсэн Ардчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн маш ноцтой үйл явдал болсон. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар байхгүй байна.
4.Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн стандарт банканд зээлийн барьцаанд тавьсны улмаас Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, олон сая ам.долларын өрийг төлөх эрсдэлд оруулсны хохирлыг хэн, хэрхэн барагдуулах, цаашид Монгол Улс уг төлбөрийг хэнээс нэхэмжилж эргүүлж олж авах зэрэг асуултад өнөөдөр ч хэн шийдвэртэй хариулт өгөхгүй байсаар байна. МАН-ын үнэмлэхгүй олонхи болсон 64 гишүүн УИХ-ын сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтаа умартан, тооцоо судалгаагүй, эргэж буцсан олон шийдвэр гаргаж ард түмний нуруунд хүнд ачаа үрүүлсээр бүрэн эрхийнхээ буюу тал хугацааг өнгөрөөлөө. Цаашид УИХ-ын үлдэж буй бүрэн эрхийн хугацаанд тэднээс сайхан амлалтаа биелүүлэхийг хүлээх хүлээлт байхгүй болсон нь тодорхой боллоо. Эрх баригчид дотроо ил цагаан талцан хуваагдаж өөрсдийн байгуулсан Засгийн газраа унаган байж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг сайжруулах, 60 тэрбумаар төрийн албыг арилжаалсан намынхаа зарим нөхөдтэй хатуу тэмцэхээ ч илэрхийлж байсныг ард түмэн өнөөдөр мартаагүй. Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хууль хүчний байгууллагууд дуу нэгтэйгээр “Эрх баригч намын 60 тэрбум”-ын ноцтой хэргийг эвлүүлэг, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шалган шийдэхгүй байгаа нь хуулийн байгууллага зөвхөн хуульд захирагдаж, хууль хэрэгжүүлж ажиллах чиг мөрөөсөө хазайсан, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал болоод монгол төр чадамжгүй байгааг нотлон харуулж, шударга ёс бүрэн алдагдаж, хариуцлага, ёс зүй үгүйлэгдсээр байна. 60 тэрбум төгрөгийн авилгын аргаар төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдаж авсан МАН-ын тэргүүлсэн Засгийн газар, төрийн удирдах дээд албан тушаалтны бүрэлдэхүүн Монгол Улсын эрх ашигт онц ноцтой хохирол учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон удаа дараагийн үйлдэл, эс үйлдлүүдээрээ эрх зүйн болон ёс зүйн бүрэн чадамжгүй болохоо нотлон харуулсаар байна. Төрийн хууль биелүүлэх ажлыг цалгардуулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг чадамжгүй болгож байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар нь удирдлагын бүх түвшинд ажлын хариуцлага, ёс зүй, бодлогын ноцтой алдаа дутагдал гаргаж, салбар салбарыг уналтад хүргээд байна. Сандал суудал булаалдсан, алдааг бие биендээ тохсон, улс орны бүтээмж, өрсөлдөх чадварыг доройтуулсан хариуцлагагүй байдлын улмаас иргэдийн амь нас олноор эндэж, олон тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаад дээрх жишээгээр тод харж болохоор байна. Асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, цөөн хүнд хариуцлага хүлээлгэсэн байдлаар олны анхаарлыг сарниулж хариуцлагаас зугтах гэсэн Засгийн газрын оролдлогыг АН эрс эсэргүүцэж байна. Эрх баригчид УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулж Монгол төрийг сулруулж, чадамжгүй болгож байгаа 60 тэрбумын асуудал, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, удаа дараалан алдаагаа давтаж, хариуцлагагүй ажиллаж буй У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг шаардаж байна. УИХ ээлжит бус чуулган хуралдуулж Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, бас шаардаж байна’ гэсэн мэдэгдлийг олон нийтэд түгээж байна. Үнэндээ энэ их талцал, хагарал ямар их гамшиг дагуулдаг гэдгийг үнэмлэхүй олонхийн байгуулсан энэ төрөөс бид ил тод харж байна. Төрд боловсрол мэргэжлийн чадваргүй хүмүүсийг чиний, миний хүн, мөнгө төлсөн хүн гэсэн байдлаар томилж байгаа зодооныг ард түмэн ил тод хараад сууж байна. Эдийн засгийн өсөлт байгаа хэдий ч ард түмэнд огт хүртээлгүй явж байна. Эдийн засгийн өсөлтөөс буй болсон мөнгө, ОУВС-гаар дамжуулан нэмж тавьж байгаа өр, зээл зөвхөн эрх баригчдын хоорондын зодооны хэрэгсэл болж байгаа Ардчилсан нам харамсаж байна.
Ж.Батзандан: Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээхийг шаардаж байна
Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс үүсч буй зарим асуудлуудтай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийх шаардлага гарсан. Төрийн систем байгууллагын төвшинд хаа хаанаа хариуцлага алдаж буйг бид дүгнэж үзсэн.Монгол Улс ардчилсан орон болохынхоо хувьд гаднаас хүн хулгай хийхгүй, мөн хууль ёсоор амьдарч байгаа хүнийг хулгайд алдахгүй байх үүрэгтэй. МАН эрх барьж байхад гаднаас хулгай хийдэг, дотроосоо зөвшөөрдөг явдал газар авч байгаа. Энэ нь саяхан болсон БНТУ-ын иргэнийг өгч явуулахаар энэ Засгийн газар гадны байгууллагатай тохиролцсон явдлыг бид эрс эсэргүүцэж байна. Энэ хариуцлагагүй байдлынхаа тухай Засгийн газрын нэг ч сайд, дарга мэдэгдэл хийгээгүй. Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ байдал нь Засгийн газар, УИХ огцрох хангалттай шалтгаан мөн гэж харж байна. Мөн 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийе гэж санаачилга гаргасан байхад энэ тухай огт ярихгүй хойшлуулж буй УИХ-ын дарга М.Энхболд, үнэмлэхүй олонхи буюу 65 гишүүнээс бүрдэж буй эрх баригчид огцрох нь зүйтэй гэсэн байр суурийг Ардчилсан намын бүлэг барьж байна. Төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж авч, зардгаас болж хүний амь эрсдэж байна. Энэ олон шалтгаан бол УИХ-ыг тараах үндэслэл мөн. Хариуцлагын системийг сайжруулна гэж ярьж байсан Ерөнхий сайд, хуулийн хайчийг ажиллуулна гэж байсан Хууль зүйн сайд нь хаана байна. 60 тэрбум бол эвлүүлэг гэж хэлж байсан Хууль зүйн сайд өнөөдөр хаачив. Хариуцлага ярихаар зугтаж, бултдаг ийм УИХ, Засгийн газар байж болохгүй. Ганцхан дарга, сайдад хариуцлага тооцож бултана гэсэн зүйл байхгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлагаа хүлээхийг шаардаж байна. Үүний төлөө АН-ын бүлэг ард түмэнтэйгээ хамт зогсох болно.
З.Нарантуяа: Төрийг төвхнүүлэх чадвар бүхий Засгийн газрыг байгуулж чадахгүй юм бол УИХ тарах хэрэгтэй
Монгол Улсад засаглалын хямрал төрийн бүх шатны байгууллагад бодитойгоор нүүрлэчихлээ. Энэ Засгийн газар төрийг төвхнүүлэх нь бүү хэл өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хүртэл цааш нь авч явах чадваргүйгээ харуулчихлаа гэж бид үзэж байна.
Нэгдүгээрт: 65-ын бүлгийн хагарал. Сүүлийн хоёр жил 32:33 гэсэн МАН-ын бүлгийн хагарлаас болж УИХ-ын гаргасан нэг ч шийдвэр газар дээрээ бодитоор хэрэгжсэн зүйл алга.УИХ-аас гаргасан шийдвэр хэрэгжих зохион байгуулалт үйл ажиллагаа байхгүй. Ийм Засгийн газар, УИХ-ыг цаашид байлгах уу.
Хоёрдугаарт: 2016 оны зургаадугаар сарын 30-ны үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин сайжирсан. Энэ таатай боломжийг эрх баригчид ерөөсөө ашиглаж ашиглаж чадахгүй байна.Энэ боломжийг ард түмний амьжиргааг дээшлүүлэх, цалин нэмэх, гадаад өрийг нимгэлэх, том төслүүдээ хөдөлгөх, хуримтлал бий болгох гэм мэтээр ашиглаж чадахгүй байна. Тиймээс дахин хоёр жил хүлээх юм бол нөхцөл байдал улам муудах юм байна. Тэгэхээр Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, төрийг төвхнүүлэх чадвар бүхий Засгийн газрыг УИХ байгуулах хэрэгтэй. УИХ ийм Засгийн газрыг байгуулж чадахгүй юм бол тарах хэрэгтэй. Бид энд суугаад юу ч хийхгүй бол энд суусны хэрэг байхгүй. УИХ-аас гаргасан шийдвэрийг биелүүлэх хэмжээний Засгийн газрыг байгуулах хэрэгтэй гэж үзэж байна гэж АН-аас мэдээллээ.