Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо энэ сарын гуравны өдөр хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд намын сонгуульт болон намаас санал болгон сонгогдож, томилогдсон төрийн, улс төрийн албан тушаалтнуудын ёс зүй, гишүүдийн сахилга хариуцлагын байдал, 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох асуудал, мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхийн нэр дээр ирүүлсэн гомдол зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаас 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсон Монгол Ардын Намын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь намын дүрэм зөрчиж ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэн хариуцлага тооцох тухай дараах тогтоолыг гаргалаа.
Хяналтын Ерөнхий Хорооноос МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн бол Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг Монгол Ардын Намын дүрмийн 4.4-т заасан улс төрийн дэмжлэгүүдийг тодорхой хугацаанд үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн А.Ганбаатарыг Монгол Ардын Намын дүрмийн 6.6-д зааснаар нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Монгол Ардын Намын дүрмийн 6.6-д “Намын хорооны тэргүүлэгчдийн дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргаж тухайн гишүүнд болон харьяалагдах намын анхан шатны байгууллагад нь мэдэгдэнэ” гэж заажээ.
Харин Ш.Батсүхийг намын дүрмийн 2р зүйлийн 2.4.2, 2.4.3, 2.4.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж одоо эрхэлж буй Засаг даргын орлогчын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж, намын дүрмийн дагуу арга хэмжээ авахыг Ховд аймгийн намын хороонд үүрэг болголоо гэж МАН-аас мэдээллээ.
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хуралдааны тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.