Яг өнөөдрийн байдлаар /2021 оны 2 дүгээр сарын 22/ дэлхийд коронавирусын халдвар авсан хүний тоо 111,697,44, нас барсан хүний тоо 2.500.000 руу дөхөж байна. Монгол Улсад “Covid-19” халдварын батлагдсан тохиолдол 2,693 боллоо. Энэ бол түгшүүр. Энэ бол айдас. Өөрөөр хэлбэл, хөл хориог цуцаллаа гээд аюул ард хоцорсон гэсэн үг огт биш! Төр засаг, УОК, Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд шаардлагатай арга хэмжээ авч байна. Гэхдээ аюулт цар тахлын хор хөнөөлийг хумиж, халдварын тархалтыг зогсоох, эсэх нь зөвхөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамаарахгүй шүү дээ. Нөхцөл байдлыг сайжруулахад иргэн нэг бүрийн хүчин чармайлт юу юунаас илүү чухал гэдэг нь дэндүү ойлгомжтой.
Харамсалтай нь нийслэлд гурван удаа хатуу хөл хорио тогтоогоод байхад халдвар хамгааллын дэглэм сахихын ач холбогдлыг ойлгож, ухаараагүй хүмүүс олон байгааг худалдааны төв, супермаркет, жижиг хүнсний дэлгүүр, нийтийн тээвэр зэргээс төвөггүй харж болно. Хүн хоорондын зай барихгүйгээр халдвар авах эрсдэл нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд цаг, минут тутамд анхааруулж байхад үл тооно. Амны хаалт гэхэд хэцүү нооройсон юм эрүүндээ тохчихоод, хээв нэг ханиаж найтаах хүмүүс олон нийтийн газарт цөөнгүй харагдах нь гачлантай. Гэрээсээ гарч болохгүй гэж анхааруулсаар байтал айл хэсэх, хэд хэдээрээ нийлж баяр ёслол, нийллэг зохион байгуулах үзэгдэл гарч, үр дагаварт нь ар гэр, үр хүүхдүүдээс нь гадна гэм зэмгүй хүмүүс халдварт өртөж хохирч байна. Сар шинийн баяр өндөрлөчихөөд байхад “Хөл хорио цуцлахаар явж золгоно доо” гэж хээв нэг ярих этгээдийн толгойд юу бодогдож байгаа бол? Сэжигтэй хүмүүстэй уулзаж, эрсдэлтэй газраар явсан бол яаралтай шинжилгээнд хамрагдах ёстой. Гэтэл иргэний үүргээ биелүүлэхгүй хэнэггүй, тэнэг хоёр нь дэндсэн хүмүүс ч тийм ч цөөн биш байна.
Цар тахлын үед худалдаа, үйлчилгээний газруудын баримтлах дүрэм журмыг баталсан ч хэрэгжүүлж байгаа нь хэр олон бол? Халдваргүйтэл, ариутгалыг цаг тухай бүрт нь чанартай хийх, үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг үзэж, зай бариулах, QR код уншуулах зэрэг амин чухал шаардлагыг биелүүлэхгүй үйлчилгээний байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах нь зөв шүү! Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа эхэллээ. Гэхдээ энэ нь аюул ард хоцорсон гэсэн үг биш. Урд өмнөхөөсөө илүү ухамсартай, хариуцлагатай байхыг цаг үеийн нөхцөл байдал иргэн нэг бүрт анхааруулж байна!
Д.Лхагва