Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжин, огцруулсан билээ. Улмаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилсон.
Монгол Улсын Ерөнхий Сайд асан У.Хүрэлсүх хүсэлтээрээ огцорсон нь ӨРГӨӨ амаржих газраас коронавирусын халдвартай байж болзошгүй эмэгтэйг нярай хүүхдийнх нь хамт шилжүүлэхдээ хүнлэг бус харьцсан, улмаар түүнээс үүдэлтэй иргэдийн эсэргүүцэл, жагсаалтай холбоотой гэж өөрөө тайлбарладаг.
Гэвч эх сурвалжуудын өгүүлж буйгаар У.Хүрэлсүх 3 дугаар сарын 1-нд буюу МАН-ын 100 жилийн ойгоор МАН-ын даргын ажлаа өгч, улмаар Ерөнхий сайдын албанаасаа ч чөлөөлөгдөх төлөвлөгөө боловсруулсан байсан бөгөөд иргэдийн жагсаал нь түүнд зөвхөн далим болж, маш хурдан маневр хийхэд хүргэсэн аж. Иймээс 3 сарын 1-нд “нэг юм” болох чимээ гарч байгаа юм. Тодруулбал У.Хүрэлсүх МАН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэнэ.
Гэвч МАН-ын даргад Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болох хувилбар яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл нам, төрийн ажлыг заагласан шинэ жишгийг улс төрийн ууган хүчин МАН эхлүүлэх бололтой.
Г.Пүрэвбат. Эх сурвалж: sonin.mn