Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж 12 дугаар сарын 14-нөөс 34 байгууллага, аж ахуйн нэгжийн ажил эхэлнэ. Гэхдээ энэ нь аюул ард хоцорсон хэрэг огт биш, халдвар хамгааллын дэглэмийг хаа сайгүй маш сайтар хангах шаардлага хэвээр үлдлээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн орлогын эх үүсвэр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдсэн санал хүсэлтийг үндэслэж хатуу хөл хөл хорионы дэглэмийг сулруулж байгаа хэрэг. Түүнээс биш бүх зүйл хэвийн байдалдаа орсон гэсэн үг биш. Баярлаж, хөөрөх яагаа ч үгүй байна! Хонгилын үзүүрт гэрэл харагдах цаг болоогүй байна!
Монгол Улс коронавирусыг дотроо алдсан, одоо иргэн нэг бүрээс халдварын тархалт шалтгаалахыг хэн хүнгүй ой тойндоо ортол маш сайн ухамсарлах цаг бол одоо! Наад зах нь бүх байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд ариутгал цэвэрлэгээг байнга хийж, иргэн бүр ямар ч газар чанарын шаардлага хангахуйц амны хаалтыг тогтмол зүүж, хоорондын зайгаа ягштал баримтлахгүй бол эргээд хатуу хөл хорионы дэглэм яригдах эрсдэлтэй! Харамсалтай нь тэр үед нөхцөл байдал одоогийнхоос илүү хүнд түвшинд хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас л дураараа, хэнэггүй, хайнга зан чинь олон хүний амь, амьдралыг сүйтгэж болзошгүй гэдгийг ухаарч өөрийнхөө төлөө бусдыг хайрлах ёстой боллоо шүү!
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл хөл хорионы дэглэмийг бууруулж байгаатай холбогдуулан “Нэгэнт халдвар гарсан учраас хүн бүр халдвар авахгүй, бусдад тараахгүй байх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй. Ажил дээрээ очоод ширээ сандал, өөрийн эд зүйлийг ариутгаж, угааж цэвэрлээрэй. Агааржуулалт маш сайн хийгээрэй. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс 1-1,5 метр зайд харьцах, ажилчдыг ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчдын 3/2-ыг цахимаар ажиллах бололцоогоор хангах шаардлагатай. Албан хаагчдаа богино цагаар, ээлжээр ажиллуулах нь чухал. Ингэснээр амьсгалын замаар болон агаар дуслын замаар дамжих эрсдэлээс сэргийлнэ. Өглөө бүр албан хаагч болон үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, ханиах найтаах шинж тэмдэгтэй хүнийг ар гэрт нь буцаах шаардлагатай. Мөн албан хаагчдаа витаминжуулах, дархлаажуулах, стрессдүүлэхгүй байх нь чухал. Ялангуяа үйлчилгээний ажилчид өрөөндөө агааржуулалт хийж, орчин тойрноо халдваргүйжүүлж, 1,5-2 метр зайд харьцах нь чухал. Олон хоног уулзаагүй ажилчид хоорондоо тэврэлдэх, чанга ярих үед шүлс үсрэх эрсдэлтэй. Тиймээс холын зайнаас мэндчилээрэй. Ресторан, хоолны газарт бөөнөөр хооллохыг багасгаж, хүргэлтээр үйлчлүүлэх нь зүйтэй. Бидний гол зорилго бол хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх” хэмээн зориуд онцолсон нь бодит байдлыг үнэлж цэгнэсэн хамгийн том анхааруулга!
Д.Лхагвадорж