Өдрийн 11.30 цаг. Гэрийнхээ ойролцоох супермаркет руу орохоор явж байтал өндөр биетэй махлаг залуу явган хүний зам дээр нусаа палхийтэл нийж орхив. “Чи одоо яаж байгаа нь энэ вэ?” гэвэл ихэд муухай харснаа маскаа халаасандаа хийчихээд алхчихлаа. Дэлхий нийтийг цочроосон аюулт халдвар Монголд гарсан хүнд хэцүү үед нэг нэгэндээ тавьсан шаардлагыг хүлээж авах талаар ямар ч ойлголтгүй нөхөр бололтой.
Дэлгүүрт орвол халдвар хамгааллын хувцастай эмэгтэй орсон бүх хүний хүний халууныг үзэж байв. Харамсалтай нь нэгэн эмэгтэй дээгүүр харсаар хажуугаар нь өнгөрөв. Хамгааллын хувцастай хүн араас нь “Халуунаа үзүүлж, гараа ариутгахгүй бол оруулахгүй” гэж анхааруулсан ч нөгөөх эмэгтэй сонссон шинжгүй хурдан хурдан алхсаар заал руу орлоо. “Халуунаа үзүүлэхгүй, уурлаад байдаг хоосон толгойтой хүмүүс байх юм. Би өөрсдийнх төлөө л энд сууж байгаа ш дээ” гэж иргэдийн халууныг үзэх үүрэгтэй бас эрхтэй, нэг ёсондоо хяналтын ажилтан бүсгүй бухимданa.
Өнөөдрийн /2020.11.17/ байдлаар 54,988,459 хүнийг өвчлүүлж, 1,308,976 хүний амь насыг авч одоод байгаа аюулт вирус Монголд дэгдээд байхад тоомжиргүй, дураараа хүмүүсийн толгойд юу бодогдож явдаг бол гэж өөрийн эрхгүй харуусан бодлоо.
Энэ бол энгийн нэг ханиад биш. Вакцин нь одоо хэр албан ёсоор гарч амжаагүй, эм тариа нь ч тодорхой биш, улс нийгэмд ноцтой хор хохиролтой вирус шүү дээ. Эх орондоо хайртай хүн болгон халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах ёстой атал өөрийнхөө хүмүүжил төлөвшил, ааш араншингаар асуудалд хандаж байгаа хүмүүс бол хатуухан хэлэхэд нийгмийн дайснууд. Эх орон гэдэг нь ерөөсөө л Монголын ард түмэн. Иргэн бүр нэг нэгнээ хайрлах нь эх орноо хайрлаж байна гэсэн үг. Үр хүүхдээ хайрладаг, өвчин зовлон холуур өнгөрөөсэй гэж залбирдаг хэрнээ нус цэр, шүлсээ хаа хамаагүй хаяж явдаг, амны хаалт зүүдэггүй, халдвар хамгааллын дэглэмийг зөрчдөг, шаардлага тавихад дургүйцдэг мулгуу хүмүүст эх орноо гэх сэтгэл байхгүй гэж ойлгохоос өөр арга алга. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой нөхцлийн үед батлагдсан дүрэм журмын дагуу л ажиллаж, амьдрах ёстой. Зах, худалдааны төвүүд рүү орохдоо тусгай үүрэг хүлээсэн хүнд биеийнхээ халууныг заавал хэмжүүлэх ёстой. Хэрвээ ингэхээс дургүйцэж, уур чинь хүрээд байвал олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилгээний газрууд руу бүү зүглэ!
Д.Лхагва