Улсын 1 дүгээр төв эмнэлэг гоё болжээ. Миний бие хамгийн сүүлд хоёр жилийн өмнө орж байсан юм. Тэр үетэй харьцуулах юм алга, өнгө үзэмж талаасаа. Давхар болгонд “Танд туслая” гэсэн улаан туузтай бүсгүйчүүд зогсоод орж, гарсан хүмүүсийн асуултад эелдгээр хариулна. Баярласандаа тэвэрч аваад үнсмээр ч юм шиг.
Бас амбулаторийн үзлэгийн хаалга болгон дээр шахуу “Эерэг хандлага” гэсэн бичиг хадаастай. Өвчтэй хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх орчин бий болоод эхэлчихэж. Удирдлагын багийн менежмент, түүнийг дагаад гүйцэтгэлийн үр дүн гарсан байна, харагдаж байна, үгүйсгэх аргагүй.
Миний бие цаг авахаар нэгдүгээр давхарт буувал банкны теллерийг санагдуулам ижилхэн формоор жигдэрсэн бүсгүйчүүд 10-аад цонхоор үйлчилж байна. Хүнээс их юм алга. Автомат машинаас дугаар авбал “Таны өмнө 82 хүн байна” гэсэн үгтэй бичиг гарлаа. Өнөөх өндөр сэтгэгдэл маань тэр дороо замхарч бухимдах шиг болов. Лав бүтэн цаг гаруй хүлээх нь тодорхой боллоо гэж бодлоо. Үнэхээр 1.20 цагийн дараа миний дугаар болж цонхон дээрээ очив. Залуу бүсгүй “Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?” гэж эелдгээр асуухад яарч байсан миний бухимдал замхрах шиг… Хүн гэдэг аргагүй л сэтгэлийн амьтан юм.
Улсын 1 дүгээр төв эмнэлэгт богино хугацаанд хэлбэр талын өөрчлөлт хийгдсэн байна. Дэвшил мөн үү гэвэл мөн. Гэхдээ хүмүүс суудаг, хүлээдэг, бухимддаг үзэгдэл байсаар л байна. Бүхэл бүтэн улсын төв эмнэлэгт болохоор аргагүй л дээ. Хот хөдөөгийн хамаг л хүн амьтан энэ эмнэлгээр үйлчлүүлж байгаа.
Эмнэлгийн агуулгын өөрчлөлтийг хийе гэвэл 1 дүгээр төв эмнэлэгтэй чанар, үйлчилгээний хувьд дүйцэхүйц бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орон нутагт яаралтай байгуулах цаг хэдийнэ болжээ. Хэдэн ч жил ярив? Тухайлбал, Ховдод бүсийн төв эмнэлэг байгуулчихвал баруун таван аймгийнхан заавал хот руу зардал чирэгдэл удаж ирэхгүй. Үүнийг дагаад нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал ч багасна. Сүхбаатарт юм уу, Дорнодод ганцхан том оношилгоо, эмчилгээний төв байгуулж эмч, ажилтнуудынх нь нийгмийн асуудлыг шийдээд өгчихвөл зүүн гурван аймгийн иргэд тэндээ л хандана. Улс ямар нэгэн аргаар мөнгө босгож, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Ард түмнийнхээ эрүүл мэндийн төлөө, улсын ирээдүйн төлөө үргүй зардлаа багасгах, мөн авлигачдаас хураасан эд хөрөнгийг бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулахад зарцуулая.
Д.Лхагвадорж