Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Сүхбаатарын хүүхнүүд” хөдөлгөөнийнхөн оролцож орон байргүй болох дээрээ тулаад байгаа Ардын жүжигчиндээ туслахыг уриалсан юм. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд 11 дүгээр сарын 28-нд болох тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн шүүхийн шийдвэр гарсантай холбоотой асуултад хариулахдаа “Д.Түвшинжаргал бид хоёрын орон байрны маргаан анх 2014 онд эхэлсэн. Түүний нэхэмжлээд байгаа байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй 64 сая төгрөгөөр худалдаж авсан. Харин Ардын жүжигчин цол хүртэхэд Б.Мөнхцэцэг надад байраа бэлэглэж, би хариуд нь хүний юм яаж зүгээр авах вэ гээд газраа бэлэглэсэн юм. Д.Түвшинжаргалыг салаад явахад гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэлээ. Гэтэл байрыг чинь авна гээд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан хэдий ч дараагийн шатны шүүх хурлуудад гачигдал зовлонгийн асуудлаас оролцож чадаагүй. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр Түвшинжаргалын талд гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас байраа суллаж өг гэдэг шаардлага тавьж байгаа. Би нийтдээ Түвшинжаргалд 100 гаруй сая төгрөг өгсөн. Дахиад 100 гаруй сая төгрөг өгөхгүй бол байраа суллаж өгөх дээрээ хүрээд байгаа. Тухайн үед 64 саяар авч байсан байр өнөөдөр 360 орчим сая болсон. Түвшинжаргал байр байтугай тоос сорогч, угаалгын машин, хивсийг маань хүртэл авна гээд байгаа. Тийм учраас би Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна. Хуулиар бол хөрөнгө хэнийх байхаас үл хамаараад таваас дээш жил амьдарсан бол тухайн хөрөнгийг тэнцүү хуваах ёстой. УИХ-д сууж байгаа хууль өөрчилдөг хүмүүст хандаж ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийг өөрчилж өгөөч гэж хүсмээр байна. Цаашид өөр олон хүмүүс хохирох вий. Би авьяас чадвар, алдар нэрээ хураалгаагүй байхад учиртай” гэлээ.