Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө.
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүллээ. Одоо нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид сонгогдсон тухай тогтоолын гардуулж өгөх гэж байна” гээд ирэх дөрвөн жилд та бүхэн нэг баг болж хотыг хөгжүүлэх чиглэлд улам их амжилт гаргаж ажиллаарай гэж нийслэлийн Сонгуулийн хорооноос хүсэн ерөөе гэв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр албан ёсоор НИТХ-д хамгийн олон санал авсан нэр дэвшигчдэд тогтоолын гардууллаа. Ирэх дөрвөн жил ажиллах 45 төлөөлөгч бүрдлээ. Нийслэлийн ИТХ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх ёстой хурлын байгууллага. Энэ үндсэн үүргээ бид биелүүлж ажиллах болно” хэмээлээ.
2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. /Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс/