2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн Н.Алтанхуяг “2020 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Ковид-19”-ийнх юм уу, сонгуулийн төсөв юм уу гэж маргаж байна. Би та нарт маргаангүй хариулт өгье. Энэ бол сонгуулийн төсөв ярьж байна. Энэ төсвийг 11 дугаар сарын 15-наас өмнө баталсан төсөв. Арван нэгдүгээр сарын 15 гэхэд коронавирусийн сураг ч үгүй байсан. Арванхоёрдугаар сарын эхээр самбар дээрээ зогсож Ч.Хүрэлбаатар сайдад нэлээд хэдэн үг хэлсэн юм. Энэ хүн хүний үг тоохоо больчихсон юм шиг байна лээ. Гэхдээ би Монгол Улсын төлөө л хэлсэн юм. Сонгуулийн төсөв болчихлоо гэдгийг нь хэлсэн юм. Засгийн газрын хөрөнгө санхүүтэй холбоотой ажлыг Ч.Хүрэлбаатар ганцаараа базаж, сагаад байна. 900 объект шинээр барина гэдэг сонгуулийн жилд зориулсан ажил. Өнөөдрийн төсөв бол коронавирусийнх биш. Ч.Хүрэлбаатар та хүмүүсийн үг сонс. Нэг жил Чингис бондоос ч илүү гарлагатай зээл авч байна. Ийм тодотгол хийх хэрэг байгаа юм уу” хэмээн хатуухан үг чулуудсанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Н.Алтанхуяг гишүүн ээ, та хүн доромжлохгүй ярьж болохгүй юу. Та Ерөнхий сайд болчихоод сагах нь битгий хэл сансарт нисчихсэн байсан цаг ойрхон байгаа шүү. Тэр үеэ бодож яриарай. Би тантай адилхан хуцваа энэ тэр гэдэг доромж үг хэлж үзээгүй. Надад тийм зан характер байдаггүй. Та тэр индэр дээр суучихаад Ардын намынхныг доромжилдог үе өнгөрсөн шүү. Ажил хэрэгч парламент үүсээд удаж байна. Таныг Ерөнхий сайд байсан жилүүдэд Монгол Улс 4-5 төсөвтэй байж, эдийн засаг элгээрээ хэвтэх суурь нь тавигдсан шүү. Одоо их шударгын дүрд орж гэнэ. Өнгөрсөн хугацаанд бий болгосон хүндрэлүүдийг босгохын төлөө бид ажиллаж байгаа. Босгоод ч ирсэн. Нийгэмд шударга ёс тогтоохоор ажиллаж байгаа. Ийм учраас МАН-д хоёр сонгууль дамжуулан итгэл хүлээлгэлээ. Та бол эдийн засгийн алуурчин. Эдийн засгийг унагаасан хүн нь та өөрөө. Танд загнуулаад суумааргүй байна” хэмээн хариуг нь барьж байсныг хүмүүс мартаагүй. Үүнээс хойш энэ хоёр хүний дунд үе үе ширүүхэн маргаан өрнөдөг болоод байгаа.
2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мань хоёр бас л тар түр хийгээд авсан. Н.Алтанхуяг гишүүний асуултад Сангийн сайд мөн л ундууцсан нь Ерөнхий сайдад таалагдсангүй, “УИХ-ын гишүүдийн тавьж байгаа асуултад сайд нар тодорхой хариул. Сангийн сайд та уурлаад эмзэглээд байх шаардлага байхгүй. Н.Алтанхуяг гишүүний асуултад хариул. УИХ гишүүн асуусан бол тодорхой хариулт өгч байх ёстой” гэж Сангийн сайдад анхааруулсан юм.
Д.Бат