Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 15 цагийн үед нийслэлийн БЗД-ийн 48 дугаар сургууль дээр саналаа өглөө. Төрийн тэргүүн саналаа өгч гарч ирээд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн дагуу, эрх үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Өнөөдөр 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол иргэдийн идэвх бага байна гэсэн үг. Залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа өгөөгүй иргэд цаг хаахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй. Сонгуулиар саналаа өгөөгүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй зүйл юм. Жишээлбэл, хүүхдийн шар автобусыг худалдан авсан үнийн асуудал дээр маргаан гарсан байна. 40 мянга, 45 мянган, 50 мянга, 130 мянган ам.доллар гэх зэргээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй.Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн тулд иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” гэлээ.
Д.Дорж