Албан ёсны мэдээнээс үзвэл коронавирусын халдвар дэлхийд буурахгүй байна. Одоогийн байдлаар 37,738,569 хүн өвчилж, нас барсан хүний тоо 1 сая давчихлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “COVID-19” нэг сая хүний амийг авч одов. Энэ бол цочирдом тоо. Бид энэ сорилтыг давж чадна. Гэхдээ алдаанаасаа суралцах ёстой. Удирдлага хариуцлагатай байх нь чухал. Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа чухал. Бүгд зай барьж, амны хаалтаа зүүж, гараа угааж дадая” гэж уриаллаа. ХБНГУ-ын нийслэл Берлин хотын Шарлит вирус судлалын хүрээлэнгийн захирал Кристиан Дростен “Коронавируст халдварын оргил үе одоо л эхэлж байна. Ойрын хэдэн сард коронавируст халдварын тохиолдол одоо байгаагаас ч нэмэгдэнэ” гэж анхаарууллаа. Үнэндээ хүчирхэг гүрнүүд ч барьц алдаж байна.
ДЭМБ-ын үзэж байгаагаар вирусыг бүрэн дарах хэмжээний вакцин гарахгүй ч байж магадгүй гэнэ. Тэгэхээр нэг хэсэгтээ л мэргэжилтнүүдийн баталж гаргасан дэглэм журмыг сайтар сахихаас өөр аргагүй болж байна. Монгол Улсын хувьд дотроо алдаагүй. Гэхдээ ДЭМБ-аас Монголд хийсэн удаа дараагийн үнэлгээгээр манай улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа юм. Нэг үеэ бодвол хүмүүс амны хаалт нь зүүх нь эрс ховордлоо. Үйлчилгээний газрууд, супермаркетуудын ажилтнууд нь ч, үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч амны хаалтгүй байх нь хэвийн үзэгдэл болчихож. Хүүхдээ дагуулаад олон нийтийн газраар юу ч болоогүй мэт сэлгүүцэх эмэгтэйчүүд даанч олон. Халдвар хамгааллын дэглэмийг барьж байгаа хүн өдрийн од л гэсэн үг. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй 20 хүний 2-3 нь л амны хаалт зүүх хэмжээнд хүртлээ монголчууд назгайрчээ. Нэг нэгэндээ шаардлага тавихыг зөвлөж байгаа ч бусдын үгийг тусгаж авахаасаа үл тоох, уурлан бухимдах хандлага илүү байна. Хаа тааралдсан газраа шүлс, нус цэрээ хаях үзэгдэл халдварт өвчний аюул хаалга тогшиж байгаа үед огт буурсангүй!
9 дүгээр сарын 1-нд цэцэрлэгийн ажилтнуудын шаардлага, хяналт хатуу байсан болохоор хүмүүс арга буюу амны хаалттай ирж байсан. Харин одоо цэцэрлэг, сургуулиас хүүхдээ өгөх, авах хүмүүс амны хаалт гэдгийг мартчихаж! Амьсгалын замын халдварт өвчний үед амны хаалт хамгийн үр дүнтэй гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөж байгааг яагаад үл тооно вэ?! Коронавирусын халдварыг дотроо барьж байгаа гэж найдаж болох ч улирлын томуугийн уршиг дутуугүй аюултаa эцэг, эхчүүд ойлгож, ухаарах ёстой! Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол өндөр эрсдэл нь аюул учруулах хэмжээнд хүргэж мэднэ.
Коронавирусын аюулын талаарх мэдээлэл, сурталчилгааны хэлбэр, агуулгад өөрчлөлт хийхгүй бол иргэдийн хувьд назгайрах хандлагатай боллоо. Aмьтнаас хүнд, хүнээс хүнд халддаг гоц халдварт өвчин, тахал гэдэг ойлголтыг нийгэмд маш цар хүрээтэйгээр тодорхой ойлгуулах хэрэгтэй байна.
“Энэ чинь зүгээр ханиад ш дээ. Худлаа сүржигнэх юм” гэсэн утгатай коммент сошиалаар явж харагдсан. Ийм ташаа ойлголттой, бодит мэдээлэлд итгэдэггүй, ухамсар муутай, хариуцлагагүй, хэнэггүй нь дэндсэн “оркууд” цөөнгүй байгаа нь эмгэнэлтэй. Үүнээс л гол хор хохирол үүсэх вий! Энгийн ханиад юм бол яагаад өдий болтол вакцин, эм тариа нь гарахгүй удна вэ? Яагаад олон саяараа өвчилж, нас бараад байна вэ? Яагаад том улс орнууд ч хөл хорио тогтоож, нарийн чанд дэглэмд ороод байна вэ?
Д.Лхагва