Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.11/ Хөвсгөл аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзав.
Уулзалтын үеэр зарим иргэний хэлсэн санал, хүсэлтийг онцлон хүргэж байна.
Хөвсгөл аймгийн иргэн Ням-Очир:
“…Би Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн байна. Ер нь Монгол Улсын хэмжээнд, тухайлбал манай Хөвсгөл аймгийн хэмжээнд ч ажлын хариуцлага, ялангуяа хөрөнгө оруулалтын ажлын хариуцлага гэдэг зүйл алга байна. Энэ жил долдугаар сард манай нутагт их хэмжээний бороо орсон. Манай Мөрөн сум тэр чигтээ үерт автсан. 2012-2016 онд би Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Мөрөн сум үерийн аюултай бүсэд байна, үерийн далан байгуулах ёстой гээд тухайн үедээ Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтыг батлуулж, үерийн далан бариулсан. Мөрөн сум үерийн ямар ч аюул, эрсдэлгүй боллоо гэдэг тайлан, мэдээллийг тухайн үедээ бидэнд тавьж байсан. Тэр ажлын үр дүнг энэ жилийн бороо шалгаад өглөө. Үерийн далан нь бүгд урсаж, зам харгуй эвдэрч, айлын гэр орон сүйдэж, маш их хохирол учирлаа. 2014, 2015 оны 800 сая төгрөгийн санхүүжилт гэдэг маш их мөнгө. Гэтэл ямар ч үр дүн гарсангүй. Улс орон даяараа ийм ажлуудыг хийж байна. Үүн дээр хууль дүрмийг нь сайжруулах, тавьдаг хяналтыг нь чангаруулах зэргээр Засгийн газар, яамдад нь Та хэлж өгөөч. Хөрөнгө оруулалтын ажил ингээд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зараад л өнгөрч байна.”
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн А.Баттүшиг:
“…Нутагтаа тулгамдаад буй асуудлыг хэлж ярихаар энэ уулзалтыг зорьж ирлээ. Манай Хатгал тосгон Хөвсгөл нуурын эрэгт байдаг. Хөвсгөл нуурын эрэг, Хатгал тосгоны нутаг дэвсгэрт газар олголт хэрээс хэтэрч, эко системийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч, тун хүнд байдалд орлоо. Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүс нь манай Хатгал тосгон. Гэтэл энд газар олголт хэрээс хэтэрч байна. Сүүлийн үед аймгийн удирдлагын зүгээс мал, малчин хоёр Хөвсгөл нуурын эргийг бохирдуулж байна гэсэн асуудал ярьж, тусгай зөвшөөрөл, лиценз нэрээр орон нутгийн иргэд, малчид бид нарыг амьдрах орчингүй болгож байна.”
Хөвсгөл аймгийн иргэн Мөнхзул:
“…Одоо миний хэлэх саналыг Эрүүл мэндийн яаманд уламжилж, Ерөнхийлөгчийн зүгээс санал оруулж өгнө үү гэж би хэлэх үгийнхээ эхэнд аминчлан захиж байна. Малчдын эрүүл мэндийн асуудал өнөөдөр маш хэцүү байна. Сум, аймгаасаа алслагдмал амьдарч буй учраас өвчнийг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд малчид төдийлөн хамрагдаж чадахгүй байна. Мөн ар гэрийн боломжгүй, хүүхэд багачууд сургуульд явсан хойно хоёулхнаа үлддэг малчид өвчнөө эрт илрүүлж чадахгүй юм. Малчдад ямар үед нь эмнэлэг хэрэгтэй болж байна вэ гэхээр өвчин эцсийн шатандаа орсон үед л эрүүл мэндээ хамгаалъя гээд ороод ирдэг. Энэ асуудлыг Эрүүл мэндийн газарт уламжилж, хөдөөгийн малчин түмний эрүүл мэндийг хамгаалахын тулд нүүдлийн амбулатори ажиллуулж, өвчнийг оношлох багаж хэрэгслээр хангах замаар шийдэж болох уу? Энэ асуудлыг цааш нь уламжилж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад тухайлан хариулав. Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн иргэд бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, эко системийн доройтлын талаар олон санал хэлсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж байгаа бол хөгжүүлсэн шиг хөгжүүлэх хэрэгтэй. Бид бодлого гаргах ёстой. Тухайлбал, хаана ямар байдлаар аялал жуулчлалын зориулалтаар газар өгөх, ресторан, зочид буудлаа ямар байршилд төлөвлөх гэх мэт асуудлыг бодож ажиллах хэрэгтэй. Одоогийнх шиг нийтэд нь томоохон газар өгчихөөр стандартын бус дэд бүтэц хийгддэг. Аялал жуулчлал үйлчилгээгээ дагаж хөгждөг учраас энэ асуудалд ялангуяа Хөвсгөл аймаг маш сайн анхаарах ёстой” гэлээ.