–Орон нутгийн хөгжил – Таны сонголт–
Ойрын өдрүүдэд улс даяар гудамж, гэр хашаа, олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр ид давалгаалж байгаа Орон нутгийн сонгуулийн талаар өөрийн бодлоо Та бүхэнтэй хуваалцаж байна.
Энэ удаагийн сонгууль УИХ-ын сонгуулиас тусдаа бараг 1 улирлын дараа явагдаж байгаагаараа онцлог болов. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн цөөнгүй хэсэг нь өмнөх УИХ-ын сонгуульд уралдаж байсан хүмүүс харагдана. Мэдээж сонгогдох эрхээ эдэлж байгаа тэр хүмүүсийг буруутгах, ямар нэг байдлаар өөчлөх аргагүй. Орон нутгийн удирдлагуудын чадваргүй байдлыг арилгах, тогтолцоог өөрчлөх, системийн ялзралыг нураах гэсэн иргэдийн эрмэлзэлийг тэргүүн зэрэгт хүндэтгэн үзэх хэрэгтэй юм. Бас улс төрийг өөрийн эрх ашгийн халхавч сүүдэр, нөмөр нөөлөг хэмээн харж тоглож байгаа бүлэглэлийн шунал гэтэж байгааг ч бас хэн хүнгүй мэдэж л байгааг хэлэх нь илүүц биз.
Гол нь шат шатны сонгуульд оролцож байгаа эдгээр хүмүүсийг ялгаж салган, тэднийг үнэлж дүгнэн саналаа өгдөг сонгогч Та бүхний сонголтыг мэргэн байгаасай гэж хүсч байна.
Ид дундаа үргэлжилж байгаа сурталчилгааны мэдээллүүдээс харахад мөрийн хөтөлбөртөө олон асуудал дэвшүүлж, шийдэхийг амлаж байгаа боловч нэр дэвшигчдээ тодруулахдаа тухайн орон нутгийн төлөө чин сэтгэлээрээ ажиллаж чадах зөв хүнээ дэвшүүлэх тал дээр дутуу дулимаг ханджээ гэж харж байна. Эндээс харахад сонголт СОЛОНГОРОХ магадлалтай байна.
Учир нь жирийн иргэний дуу хоолой байж чадах жинхэнэ төлөөлөгч болж чадах уу гэдэгт нь эргэлзмээр хүмүүс хүний өөрийн гэлтгүй нүдэнд тороод байна.
Хатуухан хэлэхэд сонгуулийн үеэр гоё сайхан болгоныг ярьж цонхны цаанаас чихэр долоолгон хошгоруулдаг долдой нар, утсан хүүхэлдэй мэт хүний үгээр явдаг, тодорхой бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг салбадайнууд, албан тушаал аваад сонгуулийн дараа ард иргэдээ нүд ирмэх зуурт мартдаг нэг хэсэг, орон нутагт олон жил удирдах алба хашин “Би дарга”- аар өвчилсөн зарим нөхдүүд, ажлаа хийдэггүй, хуралдаа сууддаггүй, улстөрчдийн цүнх баригч авилгач, бялдуучид нарыг дахиад л нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай. Эдгээр хүмүүс сонгуульд ялалт байгуулбал ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт томоохон бодлогын асуудлууд дээр тухайн орон нутгийн онцлогт тохируулсан гарц гаргалгаа ончтой шийдэл гаргаж чадахгүй, бодитой үр дүнтэй ажил санаачилж хийдэггүйгээс гадна хэн нэгэн “том ах”, ивээн тэтгэгч улстөрчдөөс шууд хамааралтай байж, ард түмний нийтлэг эрх ашгийг хохироож, зөвхөн өөрсөддөө ашигтай шийдвэр гаргах болно. Урьд өмнө ч ийм гажуудал, сонголтын алдаанууд гарсаар ирсэн. Цаг үеэ дагаж өөрчилье, шинэчилье гэсэн ажил хэрэгч бүтээлч эрдэм боловсролтой залуус одоо олон болжээ. Тэдний багагүй хэсэг нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн байна.
Та “гуя дагуулж хүзүү”-ний “сонголтгүй” сонголт биш харин иргэд Та бүхний төлөө үнэнч шударга, идэвхтэй, хариуцлагатай сайн ажилладаг, ажил хийж, хэрэгжүүлж, эргэх холбоотой байж чадах хариуцлага үүрэх хүмүүсийг л шүүн тунгааж сонгох эрх зөвхөн танд л бий гэдгийг санаарай.
Орон нутагт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, сайжруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн хөгжлийн төлөө зэрэг нэн тэргүүнд тавигддаг асуудлуудыг шийдвэрлэхэд чин сэтгэлээсээ ажиллаж чадах залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг бид дэмжих ёстой.
12-р дунд сургууль, Улаанбаатар хотын Мах консервын комбинат, 1-р хороололд анх асаасан гал голомт гээд амьдрал ажил минь холбогдсон арвин түүх минь Сонгинохайрхан дүүрэгтэй л холбоотой билээ. Тиймээс ч 2004 оноос хойш нэг ч удаа тойргоо солилгүй Сонгинохайрханчууд та бүхнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-д гишүүнээр 4 удаа сонгогдон ажиллахдаа “Сонгино-ын ТБД” гэсэн нэр хүртэл авсан нь Монголын төр, ард түмнээс хүлээлгэсэн итгэлийг алдалгүй хариуцлагатай ажиллаж, хичээнгүйлэн зүтгэж, нэр бүтэн мөр цэвэр яваагийн илрэл гэж боддог. Төдийгөөс өдий хүртэл надад итгэл хүлээлгэн, тууштай дэмжиж одоо ч байнгын холбоотой байж санал бодлоо хуваалцаж байдаг Сонгинохайрханчууд, Баянхошуу бүсийнхээ сонгогч, ард иргэддээ үргэлж талархаж явдаг.
Утааг бууруулах, гэр хорооллоо, дэд бүтцээ хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт санаачлан эхлүүлж, хариуцах эзэнтэй болгож хэрэгжүүлж ирсэн бүхий л ажлаа цаашид ч өөрийн боломж бололцоогоор дэмжин иргэд болон орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран ажиллах болно.
Сонгогч Та бүхэн маань өөрсдийн өдөр тутмын амьдрал, дүүрэг хотынхоо хөгжлийг тодорхойлох элч төлөөлөгчийг сонгох хариуцлагатай энэ мөчид юуны түрүүнд “САНААЧЛАГА-ГҮЙЦЭТГЭЛ-ХЯНАЛТ” гэсэн тогтолцоог хэрэгжүүлж таны дуу хоолой болж эрх ашгийг тань эрхэмлэдэг, өндөр ёс зүйтэй, хороо дүүргийн өдөр тутмын асуудлыг жижиг бага гэж хойш тавилгүй шийдвэрлэхийн төлөө чин сэтгэлээсээ сахилга баттай ажиллах, байнгын эргэх холбоотой байж чадах “НАМАЙГ, БИДНИЙГ төлөөлж чадна” гэж итгэсэн, чадавхтай, шударга, ЗӨВ ХҮН-ээ сонгоосой хэмээн эрхэмлэн хүсэж байна. Сонголт тань мэргэн байх болтугай.
Хүндэтгэсэн: Дэндэвийн ТЭРБИШДАГВА. 2020.10.08