Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцохоор шийдвэрлэсэн. Үүнээс улбаалан АН-аас хөөгдөж, шинэ “амьдрал” босгох гэж зүтгэж, бас зүдэрч яваа Ж.Батзандан, Л.Болд нар төрхөмдөө буцаж магадгүй дүр зураг харагдаж эхэлсэн юм. Гэтэл өнөөдөр ШИНЭ намын дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “АН-тай нэгдэх асуудал яригдаагүй. Нэгдэх гэж яарах сандрах шаардлагагүй гэж бид үзэж байгаа” гэлээ.
Ж.Батзандангийн энэ үгнээс харвал ШИНЭ нам ойрын хугацаанд АН-д нэгдэхгүй, нэгдлээ ч нэлээд үнэд орж байж шийдвэр гаргах шинжтэй. Нэг талаас улстөрийн бие даасан тоглолт хийхэд ШИНЭ нам голлох үүрэг гүйцэтгэнэ гэдэг итгэл үнэмшил түүнийг тийм ч амархан бууж өгөхөд хүргэхгүй. Нөгөө талаас “АН-ыг хагалсан урвагчдыг хэрхэвч буцааж авч болохгүй” гэдэг хатуу байр суурьтай хүмүүс АН-д байгаа нь Ж.Батзандангийн эргэж буцах замыг хааж байж мэднэ.
Харин Л.Болд АН-ын гишүүнчлэлээ сэргээх нөхцөл байдал бүрэлдэж эхэлсэн гэж болохоор хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш. С.Эрдэнийн эзэмшлийн “Шонхор” таурт байсан АН-ын төв оффис Л.Болдын “Бодь цамхаг”-т төвхнөөд багагүй хугацаа өнгөрсөн нь үүний нэгэн нотолгоо гэлтэй. Тэгээд ч АН-ын зарим байр суурьтай гишүүд түүнийг эгнээндээ эргүүлэн авах сонирхолтой байгаа нь 2020 оны сонгуулийн дараахнаас илэрхий анзаарагдах болсон юм. Үүнээс үзвэл С.Эрдэнийг намын дарга байх үед АН-аас хөөгдсөн Ж.Батзандан, Л.Болд нарын хувь заяа салахын эрмэг дээр ирсэн бололтой.
Д.Лхагва