Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.02) хуралдаан 10.04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх буюу 62 суудал авсан МАН Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 07 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” өргөмжлөлт, бэлтгэл хурандаа цолтой. Тэрбээр 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал, 1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.
Улмаар 2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.
Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байгааг танилцуулгад дурдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяаг, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар асуулт асуув. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарах, төгрөгийн ханшийг чангатгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитоор дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын талаар тодруулж, хариулт авлаа. Цар тахлын тархалтыг хязгаарлах, улс орны эдийн засгийг шинэ нөхцөл байдалд нийцүүлж, шийдвэрлэх, холбогдох арга хэмжээг авах тал дээр Засгийн газар бүхий л нөөц, бололцоогоо дайчлан ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх тэмдэглэн хэлсэн. Цаашид ч байгаа нөөц бололцоо, хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд ажиллах болно гэлээ. Засгийн газрыг шинээр байгуулсан тохиолдолд төсвийн тодотголыг хийх шаардлагатай бөгөөд холбогдох бэлтгэл ажлуудыг хийж байгааг дуулгасан. Гишүүдийн тодруулсны дагуу Элчин сайд нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэх асуудлаар бүхий л түвшинд ажиллаж байгаа бөгөөд тухай бүр шаардлагатай шийдвэрүүдийг гарган ажиллах болно гэлээ.
Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэл танилцуулсан юм. Тэрбээр “Төрийн болон мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгсөн 6 үүрэг даалгаврыг Монгол Улс амжилттай биелүүлсэн үр дүнг ФАТФ-ын албан ёсны цахим хуудастаа энэ оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн. Тодруулбал, Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гарах болзлыг хангасан гэдгийг олон улсад албан ёсоор зарласан. Ирэх 09 дүгээр сард тус байгууллагын төлөөлөл Монгол Улсад ирж ажилласны дараа манай улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас гарах болсныг дуулгая” гэсэн юм.
Шинээр байгуулагдах Засгийн газрын онцлон анхаарах чиглэлийг тодруулсан гишүүний асуултад “Улс орноо хүнсээр хангах, ард иргэдийг орон сууцжуулах, дотооддоо эрчим хүчний хангамж, хүртээмжээ нэмэгдүүлэх, нефтийн төрлийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллана. Түүнчлэн дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл технолги, харилцаа холбооны хүртээмжийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн реформыг хийх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох зэрэг долоон чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлнэ” хэмээн хариулт өгсөн. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, Б.Саранчимэг, Б.Бейсен, С.Одонтуяа, Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нар үг хэлж байр сууриа илэрхийлэн, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлсэн. Тухайлбал, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд Засгийн газар бүх шатандаа анхаарч ажиллах шаардлагын талаар, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, энэ салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд төрөөс бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, чадварлаг бүрэлдэхүүн бүхий цомхон танхим бүрдүүлэхэд анхаарах, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг шуурхайлах, иргэдийн нийгмийн асуудлыг анхаарах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тэмдэглэж, холбогдох мэдээллүүдийг өгч, байр сууриа илэрхийлэн, саналууд хэлж байв. Ингээд Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 70 нь Улсын Их Хурлын гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүх үг хэлэв. Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх 4 жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд биднийг тосон хүлээж байна. Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүнд ачааг үүрч ажиллах болно. Амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ бүгдийг нарийн тооцоолж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх болно гэв.
Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт, төлөвлөлт байх болно гээд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилтын талаар онцлон танилцуулав.
Импортлогч улсаас экспортлогч улс болох, нийгэмд шударга ёсыг тогтоох, Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт багтаан төрийн үйлчилгээг цахимжуулан “Цахим монгол” болох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж дундаж давхаргыг тэлэх, хот хөдөөгийн хөгжлийн зохист харилцааг хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар онцлон, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Ирэх дөрвөн жил монголчуудын хувьд хийж эхлүүлсэн ажлуудаа дуусгасан, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан, ажлын байрыг нэмэгдүүлсэн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд тэмдэглэв. Ийнхүү Ерөнхий сайд үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газрын тэргүүнээр дахин томилогдсонд Улсын Их Хурлын гишүүн У.Хүрэлсүхэд баяр хүргэж, нийт гишүүдийн өмнөөс шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын ХМОНХХ мэдээллээ.