Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгох шийдвэр гаргаснаар 4 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил “Нэг хот – Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд “Хүүхдээ сонсох өдөр”- ийг хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар идэвхжүүлэн Дүүргүүдийн Засаг даргын тамгын газарт “Шууданч тагтаа” саналын хайрцгийг байршуулах, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 108 хүүхдийн тусламжийн утсаар хүүхдийн санал хүсэлтийг хүлээн авах, тэдний дуу хоолойг сонсох ажлуудыг зохион байгуулж байна.
2020 оны байдлаар хүүхдийн осол гэмтэл 9240 тохиолдол гарснаас 277 хүүхэд, хүүхдийн тусламжийн утас 108 төвд 1633 хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээ ирснээс 3 хүүхэд тоглоомын талбайд бэртэж гэмтсэн байна.
Нийслэлийн хэмжээн дэх хүүхдийн тоглоомын талбайн тоон судалгаа авч нэгтгэсэн бөгөөд нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас эзэмшлийн хувьд төрийн байгууллагын харьяа 757, төрийн бус байгууллагын харьяа 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 683, 8-аас дээш тоглоомтой 130 байна. Дээрх тоон үзүүлэлтийг харахад 1-12 насны 384,469 хүүхдийн хэрэгцээг шаардлагыг хангаж чадахгүй гэж үзэж байна.
Хүүхдүүд та бүхнийг дуу хоолойгоо хүргэж утсаар болон захидал байдлаар санал бодлоо илэрхийлэхийг урьж байна.
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар