Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын тогтоол усанд өчигдөр дөрвөн хүүхэд живж, амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын Хууль, эрхзүйн хэлстийн дарга А.Даваажаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Д.Рэнцэнбямба нар мэдээлэл хийлээ.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Гунигтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд, Туул голын эрэгт байх усны халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт өмнө нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлага хүргүүлж, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлүүдийг өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн хэрэгжилтийг төдийлөн сайн хангаагүй, барилгын суурь хэсгийн шороог авсан тэр хэсэгт үүссэн хөрсний усанд өнөөдөр 4 хүүхэд тоглож байгаад амь насаа алдсан хэрэг гарлаа. Тухайн хэсэг нь “Хан талст” гэдэг нэртэй компанийн тохижилтын ажил хийж байгаа газар. “Хан Талст” компанийн үйл ажиллагаа болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу НМХГ бусад төрийн байгууллагууд удаа дараа хяналт, шалгалт хийсэн.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл, өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж үүрэг, даалгавар өгч, барилгын үйл ажиллагааг зогсоосон байсан. Гэтэл барилгын хажуугийн хэсгийн тогтоол усанд хүүхдүүд живж амиа алдлаа” гэсэн бол НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид хяналт шалгалтын үйл ажиллагааг газар дээр нь зохион байгуулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2012 оноос нийтдээ 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хотын дарга Э.Бат-Үүл газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Газар ашиглах зөвшөөрлийн “Хан талст” гэдэг компанид 2014 онд 3.3 га газар олгосон байдаг юм. Үндсэндээ бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн хүрээнд 8 удаа хяналт, шалгалт явуулсан. Шалгалтын явцад газар ашиглуулах зөвшөөрлийг “Хан талст” компани, Монголын байт харвааны холбоонд өгсөн асуудал илэрсэн. “Хан талст” компанид наран шарлагын газар байгуулах зорилготой 3.3 га газрын зөвшөөрөл олгосон байдаг. Шалгалтын явцад энэ хоёр байгууллагад газар ашиглуулсан нь хууль зөрчиж байна гэдгийг бид илрүүлж тухайн үеийн НИТХ-д албан албан тоот хүргүүлсэн. Мөн АТГ-т 3,3 га газрыг хувийн компанид олгосон нь хууль зөрчиж байна гэж 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр албан тоот хүргүүлсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямарваа хэлбэрээр хувийн компаниудад газар олгож болохгүй гэдэг бичгийг АТГ-т хүргүүлсэн. Гэтэл хуулийн дагуу үйл ажиллагааг явуулж болох юм байна гэсэн хариулт ирүүлсэн. Үүний дараа нь бид хяналт шалгалт хийгээд, 84 заалттай албан шаардлага хүргүүлсэн.
Сүүлийн хэдэн жилд зөрчлийн хэргийг 2 удаа нээсэн. Гэтэл “Хан талст” компани ажиллах явцдаа зөрчил гаргасан. Бид Нийслэлийн Засаг даргын даалгавараар хяналт, шалгалт хийсэн. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Тийм учир манай байгууллага уг компанид хоёр ч удаа шаардлага хүргүүлсэн. Зөвшөөрөлгүй үйл ажилгүй явуулж болохгүй гэж. Гэвч төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг үл тоосноор хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Бид цаашид “Хан талст” компанид зохих хууль, журмын дагуу хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.
Б.Болд
.