УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг дэмжээгүй билээ. Тэгвэл өнөөдөр үдээс өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийж бүрэн эрхээсээ түтгэлзэх биш, татгалзаж байгаагаа мэдэгдлээ. “Би өнөөдөр та бүхэнд албан ёсоор мэдэгдэл хийхээр энд ирлээ. Дорждугарын Гантулга надад хувийн дотоод мөн чанараараа шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон гээд олон шалтгаан байдаг учраас хувь хүний шийдвэр байдаггүй гэдгийг та бүхэнд хэлье. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргаснаа зарлаж байна. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Намайг итгэж дэмждэг мянга мянган үе тэнгийн найз нөхөд, хамт олноосоо хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, дэмжсэн сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олонд, намын эгэл жирийн гишүүдээсээ, нэг ангид хамт сууж хууль батлалцсан УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ нэр төрөөр хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье.
Монголын нийт ард иргэдийн залуу хүн, залуу улстөрчид илүү их зүйлийг хийнэ дээ гэсэн итгэлийг зүтгэлээрээ хариулж чадаагүйдээ, чадахын төлөө зүтгэсэн маань хангалттай байгаагүйд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж, хэт дэврүүн мэдэгдлүүд хийж байсандаа яг одоо харамсаж байгаагаа хэлье. Монголд үнэн гэж байдаг бол гэм буруугүйгээ нотолно. Улстөрийн золиос болж байгааг минь би ч, та бүхэнд ч, Монголын ард түмний нэлээдгүй хэсэг ойлгож байгаа байх гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй иргэд маань үүнийг улс төр байсан, гэмт үйлдэл байгаагүй юм аа гэдгийг ойлгох өдөр ирнэ гэж чин сэтгэлээсээ итгэж байна.
Ийм учраас УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш харин чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байгаагаа та бүхэнд мэдэгдье. Энэ хүсэлтээ албан ёсоор УИХ-ын даргад гардуулж өгөхөөр орох гэж байна. Энэ хугацаанд хамтарч ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэндээ үнэн мөнийг олохын төлөө эрэл хайгуулчид байсанд баярлалаа. Монголын ард түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэж байх та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.” гэлээ. Түүний мэдэгдэлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөрөг намын нэр дэвшигчийн эсрэг залуу хүний ааг омгоор хатуухан мэдэгдэл хийсэн, тэр нь ийм байдалд хүргэлээ гэсэн утга шууд харагдаж байв.