МАН бол зүүний чиг баримжаатай, ардчилсан социалист үзэл баримлалтай нам. Энэ үзэл санаанаасаа 1990 оноос хойш хэзээ ч хазайж үзээгүй улстөрийн хүчин. Улс орны эдийн засаг ямар ч хүнд үед нийгмийн хамгааллын бодлого буюу цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, боловсролд илүүтэй анхаарал хандуулж ирсэн нь харагддаг. Өөрөөр хэлбэл, цагийн ямар ч хатуу шуурганд хүнээ орхиж болохгүй гэдэг зарчим дээрээ хатуу зогсч иржээ. Хүний хөгжлөөс улсын ирээдүй хамаарна гэдэг логикоор харвал МАН яах аргагүй зөв замаар алхсаар байгаа хэрэг.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан нь дээрх бодлогын хүрээнд хамаарах ээлжит алхам биз ээ. Энэхүү хуулийн онцлогийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал ярихдаа “Ахмадуудын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. Харин 53 хувь нь 350 мянгаас доош тэтгэвэр авч байна. Тиймээс тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг боловсруулсан. Өнөөдөр НДШ-д төлж байгаа иргэд НДШ-ийнхээ 17 хувийг Тэтгэврийн даатгалд төлдөг бол энэ хуулиар 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэврийн санд хийх буюу сонголт хийх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм. Ингэснээр 1000.000 төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг Хувийн тэтгэврийн сандаа төлнө гэсэн үг. Ингээд хуримтлал бий болж, хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол хуримтлал өсөх боломжтой. Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая гаруй төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тэгэхээр Төрийн тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Одоо бол 17 хувиа төлөөд байгаа мөртлөө 30 жилийн дараа 414 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Хувийн тэтгэврийн сан байгуулагдсаар тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм. Мөн тухайн санд хуримтлал үүсгэсэн иргэн орон сууцны урьдчилгаандаа тус хуримтлалаасаа суутгаж орох боломжийг энэ хуулиар нээж өгнө” хэмээн тайлбарлав. Иргэдийнхээ ирээдүйг баталгаатай болгох эх үүсвэрийг УИХ дахь МАН-ын гишүүд ийнхүү олж харсан байна.
Д.Бат