Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан. Үүнтэй холбоотойгоор тэднийг хорьж шалгах хугацааг 30 хоногоор сунгах прокурорын саналыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцээд батлан даалтад гаргахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэнээр байдал өөр тийшээ эргэж, дээрх эрхэмүүдийг дахин 30 хоног хорихоор болов. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэл гаргав. Уг мэдээлэлд “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:
Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч хянаад:
С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Иймд С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг 1 сараар сунгасан болно. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй болно” гэжээ.