08.00 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Жуковын талбай. Зүүн талын сүүдрэвчинд хэдэн хүн сууна. Дундаа нэг шил архи тавьчихаж. Өмссөн зүүсэн, өнгө төрхийг нь харвал архинаас хамааралтай хүмүүс болох нь андашгүй. Тэднээс ердөө 20 хүрэхгүй алхамын зайд нялх хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй сууж байгаад тэсэлгүй босч явлаа. Түүнтэй хэдэн үг солив. “Гэр ойр болохоор хүүхдээ салхилуулах гэж Жуковын талбай дээр ирдэг. Харамсалтай нь архичид цуглараад их хэцүү. Хавар яасан гээч. Хэдэн хүн архидаж байгаад нэг нь шууд босоод л бидэн рүү харж байгаад шээчихсэн. Хүүхэдтэй хүмүүсийг тоож байгаа ч юм байхгүй” гэж хөмсгөө зангидан өгүүлэв. “Нялх хүүхэдтэй эх хүмүүсийг өчүүхэн ч хүндлэлгүй өөдөөс нь хараад шээж байгаа тэр тэнэгүүдийг яах ёстой вэ” гэсэн бодол хормын төдийд төрж хий дэмий л бухимдаад 30 дугаар сургуулийн ард талын хүүхдийн тоглоомын талбай дээр очвол архи, пиво, тамхины иш ёстой нэг хөглөрчээ. Уг нь ойр хавьд нь хогийн савнаас их юм алга. Даанч согтуу хүмүүс ухамсараа хамт уучихдаг болоод ч тэр үү архины шилээ хагалж бөөн хог тарьж, эрсдэл үүсгэх нь энүүхэнд ажээ. Бас төмрийг нь тушаах гээд хүүхдийн тоглоомын талбайг сүйтгэж өгсөн бололтой. Хамгийн гол нь тэр хавиа тойроод бие засдаг нь хүүхэд олноор зорчдог газрын хөрсийг бохирдуулдаг байна. “Энэ хавийг уг нь сайн цэвэрлэдэг. Гэхдээ өглөө босоод харахад хог тарьчихсан байдаг юм. Зарим хүмүүс барьж явсан цаас ч юм уу лаазаа гудамжинд хаядаг л байх. Гэхдээ архичид илүү их хог тарьж, хаа тааралдсан газраа шээж явах юм” гэж нэгэн оршин суугч гонсойно.
Энд хэсэг “ажиглалт” хийснийхээ дараа сэтгүүлч миний бие Хил хамгаалах ерөнхий газрын баруун урдхан тал буюу хуучин хөл бөмбөгийн талбай руу орлоо. Хаалга үүд гэхээр юмгүй болохоор хүн байтугай машин ороход ямар ч саадгүй. Харамсалтай нь бүхэл бүтэн бичил хороолол босгохоор тийм цэлгэр уудам талбайн өнцөг буланд хогноос их юм алга. Баруун талын суудал дээр эр, эм нийлсэн дөрвөн хүн тойрч суугаад чанга чанга ярилцана. Бодвол “ганц юмаа” тойруулж байгаа бололтой. Гаднаасаа “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж”, гашуун идээгээр унд хийдэг улс нь илт. Энд тэндээс үнэртэх шээс шивтэр, хөглөрөх хог хаягдалд тэдний оруулсан “хувь нэмэр” их нь тодорхой. Хөлбөмбөгийн талбайн баруун талын нүхээр нэвт гараад 110 дугаар байранд дөхөж очвол 60 орчим насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ зарим хүмүүсийн маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр л хэцүү дээ” гэж яриад түр амсхийв. Түүний ярьснаар бол Сансар буюу 12 дугаар хороолол шөнө орой хөл хөдөлгөөн ихтэй учир орцноос ч гарахаас айдаг гэнэ. Харамсалтай нь өглөө нь босоод харахад өмнөх өдөр нь хэрэндээ л хичээж цэвэрлэсэн орчинд нь эргээд хог хөглөрчихдөг ажээ. Ихэнх нь ажилгүй архичин хүмүүсийн “уран бүтээл”. Цагдаа нарын хувьд зохих арга хэмжээ авдаг ч байдал нэг л дээрдэхгүй байна.
Дараа нь сурвалжлагаа үргэлжлүүлэхээр Ханын материалын эцэст ирлээ. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хамаардаг уг нутаг дэвсгэрт хоёр жилийн өмнөхийг бодвол орон сууцны тоо нэмэгджээ. Гудамж талбай нь харьцангуй цэвэрхэн. Бодвол саяхан бүх нийтийн цэвэрлэгээ хийсэн бололтой. Хорооны зүгээс айл өрхүүдийг хашаандаа хоггүй, стандартын бие засах газар, бохир усны цооногтой болгоход гол анхаарлаа хандуулжээ. Одоогоор энэ ажил мэдээж 100 хувь ажил хэрэг болоогүй ч эхнээсээ хэрэгжээд явж байгаа аж. Хамгийн гол нь гэр хорооллын айлуудын хогийг 14 хоногт нэг удаа ачих график гаргаж, хашаандаа хог хөглөрүүлэхгүй байх шаардлага тавьсан байна. Түүнээс гадна тохижилт хариуцсан нийгмийн ажилтны орон тоо бий болгож хогны асуудлыг давхар хариуцуулав. Иргэдэд зориулсан сургалт сурталчилгааны ажлыг ч хийдэг болов. Энэ нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхэлсэн байна. Гэхдээ 6 дугаар хорооны хэмжээнд ажилгүй, архи уудаг хүмүүсийн тоо өмнөх онуудаас олигтой буураагүй аж. Тэр хүмүүс булан тохойд бие засах, архи, пивоны шилээ хамаагүй хагалж хаях, сууцны орц хонгил болоод хашааны булан тохойд цугларч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ хийсэн ч хэсэг хугацааны дараа ухамсар дорой хүмүүсийн үйлдлээс болоод хогны асуудал дахин үүсдэг үзэгдэл бүрэн арилсангүй. Мөн 6 дугаар хорооны иргэдийн ярьснаар бол Ханын материалын эцэст нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Амьдрах ухаан” төв байрладаг нь тус хорооны нөхцөл байдалд таагүй нөлөөлдөг байна. Тус төв орон гэргүй нэн ядуу иргэдэд хандсан халамжийн тодорхой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хаа байгаа Улаанхуарангаас хүртэл хүмүүс ирж хоног төөрүүлж, хооллож ундалдаг гэнэ. Архинд орсон хүмүүс ч ирж, орой үдшийн цагаар архидан согтуурч, хог тарьж орчныг бохирдуулна…
…“Хоггүй цэвэрхэн юмаа. Гэр хороололд ийм цэмцгэр орчин бүрүүлж болдог л юм байна” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөв. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хогны асуудлаа шийдвэрлэсэн жишиг хороо болох зорилго тавин ажилласнаас хойш мэдэгдэхүйц үр дүнд хүрч байгаа гэсэн мэдээллийн мөрөөр газар дээр нь очиход “Үнэхээр тийм байна шүү” гэсэн бодол төрөхүйц орчин угтсан нь энэ. 27 дугаар хороон дээр 2012 оноос хойш “Хог тээврийн менежментийг сайжруулах загвар хороо” төслийг хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хүрээнд бодлого, тогтолцооны хувьд шийдвэрлэх ёстой гол гол асуудлаа үндсэнд нь шийдвэрлэжээ. Юуны өмнө 2012 оноос өмнө байсан 14 хогийн цэгийг арилгаж устгасан бол дараа нь иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөхөд анхаарч ажилласан гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь хорооны иргэд хог гэхээр хороо л шийдэх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой байсан аж. Гэтэл бодит байдал тийм биш шүү гэдгийг ойлгуулахаас ажлаа эхэлжээ. Өмнө нь ТҮК-оос хороонд ердөө ганцхан хогны машин хуваарилдаг байж. 16 мянган хүн амтай хорооны бүх хогийг ганцхан машинаар хамж дуусгана гэвэл мэдээж бүтэхгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хорооны удирдлагууд ТҮК-той ярилцаад хог ачих машины тоог гурав болгож чаджээ. Мөн хог ачих, цэвэрлэх календарьчилсан хуваарь гаргав. Нэг ёсондоо хог ачих ажиллагаа графикийн дагуу хийгдэхээр болсон гэсэн үг. Түүнээс гадна хогийн цэг үүсч болзошгүй гудамж талбайг камержуулав. Үр дүнд нь байдал өөрчлөгдөөд ирлээ. Хог мэдэгдэхүйц багасав. Иргэд ч урамшиж, улмаар 3-4 сараар хог ачсангүй гэдэг гомдол мартагдах тийшээ оржээ. Хог тээврийн асуудлыг тогтолцооны хувьд өөрчлөх зорилго тавьсан нь ийнхүү үр дүнд хүрч эхэлсэн нь энэ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхны хувьд байнга тулгарч байдаг хог хэмээх “шүдний өвчин”-г “эмчлэх”-ийн тулд нутаг дэвсгэрийн хүн амд тохирсон техникийн болон хүний нөөцийн бодлогын асуудлыг шийдвэрлэж байгаа аж. “Хог хаягдал хэцүү шүү дээ. Ялангуяа өвлийн улиралд үнс нурам хашаанд дорхноо л овоорчихно. Харин хорооны ажилтнууд хог ачих хуваарь гаргаж, яг тэр дагуу хог ачдаг болсноор арай дээрдсэн шүү. Ер нь айл өрхүүд өөрийнхөө хашаанаасаа гадна нийтийн цэвэрлэгээнд гардаг болсон” хэмээн гудамжинд таарсан хүмүүс ч ярьж байлаа. 27 дугаар хороо хоггүй хороо болох зорилтынхоо хүрээнд 2015 оны зургадугаар сарын 19-нд “Жишиг гудамж”-ны нээлтээ хийжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Гандангийн гудамжийг тохижуулахад гурван тэрбум төгрөг зарцууллаа хэмээн мэдэгдэж байсныг нийслэлчүүд санаж байгаа. Тэгвэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо “Жишиг гудамж”-аа ердөө 20 сая орчим төгрөгөөр байгуулж чаджээ. Хорооны дэмжлэгтэйгээр иргэд өөрсдөө санаачилга гарган төсөл бичсэнийг нь Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, Японы Нийгмийн хөгжлийн сан дэмжсэнээр “Жишиг гудамж”-ны эхлэл тавигджээ. Тэр гудамжны хашаа хороо шугамдсан мэт жигдхэн бөгөөд өнгөлөг. Юутай ч төр захиргааны байгууллага иргэдтэйгээ хамтраад зүтгэвэл боломж байдгийг энэ хорооны үйл ажиллагаа тодорхой харуулж байна. Гэхдээ сайны хажуугаар садаа гэгчээр зарим ухамсар дорой хүмүүсээс болж үе үе урам хугармаар асуудал гардаг гэнэ. Нийслэл даяар үлгэр жишээ хороо болох зорилт дэвшүүлж мэдэгдэхүйц амжилтад хүрч явахад орчныг бохирдуулах үзэгдэл байсаар. Тэр бол өнөөх л “эрх чөлөөт” хүмүүсийн архинаас үүдэлтэй сөрөг үйлдэл. Энэ бүхнээс үзвэл нийслэл, дүүрэг, хороо боломжийнхоо хэмжээгээр хог хаягдалтай тэмцэж, жилээс жилд шинэ арга хэлбэр эрэлхийлж байгаа нь харагдана. Хамгийн гол нь ажилгүй, эсвэл орон гэргүй иргэд хэсэг бүлгээрээ нэгдэн архидан согтуурч байгаа нь нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй орчин тойрондоо хог тарих, замбараагүй бие засах зэргээр нянгийн бохирдол үүсгэх нэгэн бодит шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, орчны бохирдлын нэгэн томоохон хүчин зүйл нь иргэншлийн хуулиас гадуур төлөвшилтэй хүмүүсийн үйлдэл гэсэн үг. Эмзэглэмээр нь өөрийн гэсэн философитой, амьдралын хэв маягтай ”архичин анги” гэсэн шинэ давхарга нэгэнт үүсээд олдмол дархлаатай болчихож. Уг нь үүнийг хүн болгон мэддэг ч “эмчлэх” арга ухаанаа нэг л олохгүй байх шиг. Эднийг яах эсэхээ төр нь мэдэг гээд хаях хэцүү, нөхцөл байдлыг нь хүлээн зөвшөөрөх бүр хэцүү болжээ. Ямар ч байсан зөнд нь хаяж яавч болохгүй нь. Уг нь Үндсэн хуульд буй хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэдэг заалт Монгол Улсын иргэн бүрт хамаатай гэдэг утгаар ийм амьдралтай хүмүүстэй төр захиргааны байгууллага тулж ажилласан шиг ажиллах учиртай. Нөгөө талаас нийт иргэдийн эрх ашгийн үүднээс холбогдох хууль, дүрэм ч тэдгээр хүмүүст үйлчлэх ёстой биш үү? Бас иргэд, олон нийтийн оролцоо ч хэрэгтэй. Асуудалд ингэж зарчмын үүднээс хандаж чадахгүй байгаагаас намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг итгэл үнэмшилтэй болчихоод байна шүү дээ. Тэр “вирусийг” нь устгаагүй цагт хогтой “байлдаад” тийм амархан үр дүнд хүрэхгүй биз ээ. Мэргэжилтнүүд Улаанбаатар хотын хөрсөнд шинжилгээ хийхэд нийт дээжний 72 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд ходоод, гэдэс, амьсгалын замын халдварт өвчин үүсэх эрсдэл маш өндөр байна гэсэн үг. Ялангуяа нийт хүн амын талаас нь илүү нь цугларсан Улаанбаатар хотод энэ асуудал бүр их хамаатай болоод байна. Хүн амьдардаггүй зэлүүд газрын байгалийг хамгаалах талаар ярьж тэмцэж байгаа нь сайн хэрэг. Яг үүн шигээ хүн амын төвлөрөл болсон нийслэлийнхээ байгаль орчныг хамгаалах талаар дорвитой ярих цаг болжээ.Утаа, баталгаагүй хоол хүнснээс гадна хог хаягдал, хөрсний бохирдол Монголын эрүүл ирээдүйд заналхийлж байна.
Сэтгүүлч Дажсүрэнгийн Лхагвадорж. 2016 он