Шинэ оны эхний өдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс найман төрлийн хууль, тогтоол хэрэгжиж эхэлнэ.
Тэдгээр хууль, тогтоолыг танилцуулъя.
-Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан тогтмол нэмэх хуультай болсон. Үүний дагуу УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан юм. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зориулан 297.4 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөв.
-2024 оны байдлаар манай улсын төрийн албанд 226.2 мянган хүн ажиллаж байна. Эдгээрийн цалин энэ сараас эхлэн зургаан хувиар нэмэгдэж байгаа юм. УИХ 2025 оны төсвийн тухай хуулийг батлахдаа инфляцын түвшинтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэх шийдвэр гаргасан билээ.
-Ахмад настай аав, ээжээрээ тэтгэврийн зээл авахуулж, тэтгэврийн картыг нь дураараа зарцуулах тохиолдол гарч байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан ахмад настнуудын эрхийн хамгаалсан заалтыг Ахмад настны тухай хуульд оруулав. Ингэхдээ ахмад настнуудад эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хорих хүртэл ялтай боллоо. Эрүүгийн тухай хуулийн 1.3-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6-12 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэнэ. Харин Зөрчлийн тухай хуулийн 4.5-т Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчилна.
-Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны хуралдаанаараа Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн цалингийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн баталсан. Уг журам өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Албан тушаалынх нь ангиллаар дараах байдлаар цалин нь нэмэгдэх аж.
Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь,
Дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь,
ШШГБ-ын хорих байгууллагын албан хаагчид 10-25 хувь.
-Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны хуралдаанаар “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэхээр болсон. “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгоно.
-Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан нь өнөөдрөөс хэрэгжинэ. Шинэчилсэн хуульд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжид дараах байдлаар татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Үүнд:
ААНОАТ-ыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,
Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,
Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих,
Органик бүтээгдэхүүн экспортолбол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,
Дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох
Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.
-УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хослуулан хөтлөх тухай заалт юм. Үүнийг Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсгийн 11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.
-НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм.
Албан татвар:
“Приус” 108000₮,
“Лексус 570” 564300₮,
“Портер” 75000₮,
“Ланд Круйзер 200” 455400 төгрөгийн татвар төлнө.
Харин Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100000₮,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150000₮,
4001 дээш моторын багтаамжтай машин 250000 төгрөг төлнө гэж МОНЦАМЭ мэдээллээ.