Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Москвад хүрэлцэн ирж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзсан тухай Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компанийн сурвалжлагч Павел Зарубин ням гаргийн орой мэдээлжээ. Тэрбээр мөн В.Путин, Р.Фицо нарын уулзалтын талаар есөн секундийн бичлэгийг нийтэлсэн байна.
Украины тал нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Словак руу Оросын хийг нутгаараа дамжуулан нийлүүлэхээ зогсоох гэж байгаатай холбогдуулан эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед Москвад айлчилж магадгүй гэж Р.Фицо өмнө нь мэдэгдсэн юм. Оросын тал айлчлалын талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, айлчлалыг хэд хоногийн өмнө төлөвлөж байсан гэжээ. В.Путин, Р.Фицо нар ганцаарчилсан уулзалт хийсэн байна.
Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш Словакийн Ерөнхий сайд Москвад анх удаа айлчилж байна. 2022 оны хоёрдугаар сараас хойш Барууны улстөрчид, тэр дундаа удирдагчид Орост айлчлахаа үндсэндээ зогсоосон юм. Сүүлийн гурван жилд зөвхөн төвийг сахисан улс болох Австрийн Канцлер, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нар Москвад айлчилжээ. Р.Фицо мөн ирэх оны тавдугаар сарын 9-нд болох Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад ирнэ гэж мэдэгдсэн юм.
Тэрбээр Орбаны адилаар Украинд энхийн хэлэлцээг нэн даруй эхлүүлэхийг дэмжигч хэмээн өөрийгөө танилцуулдаг. Р.Фицо Украин руу довтолсон гэж Москваг шүүмжлэхээс зайлсхийдэг бөгөөд дайныг үргэлжлүүлэхийг Киев хүсэж байна гэж буруутгадаг. Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэрэв Словак улс Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийг урихыг зөвшөөрвөл Оросын битүүмжилсэн хөрөнгөөс 500 сая евро өгөхийг санал болгосон гэж Словакийн Ерөнхий сайд өмнө нь мэдэгджээ.
Р.Фицо мөн Оросын байгалийн хийг нутгаараа дамжуулан нийлүүлэх гэрээг Украины тал сунгахаас татгалзсаныг эрс шүүмжилсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр Фицо засгийн эрхэнд гарснаасаа хойш Словак улс Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг сунгах, өргөжүүлэхийг эсэргүүцээгүй боловч Украинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсаар ирсэн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.