Нийслэлийн АН-ын дарга гэх Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Путин хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зуун чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв. Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмэн хардахаар балмад загнав. Путины санаархлыг хэрэгжуүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжигч Путины тавдугаар цуваа болон хөдлөхөд бэлэн Монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуунаас авахуулаад АН-ын нэрийг барин улстөрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсч байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уг түрэмгийллийг улайран дэмжиж байна. Х.Баттулга Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж АН-ын жирийн олон гишүүдийг төөрөгдүүлж намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгавар авсан бололтой” гэгчлэн баахан хардав.
С.Монгол