Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр, омикроны халдварын тохиолдлын тоо ДЭМБ-ын мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт дэлхийн дийлэнх бүс нутагт 5-8 хувиар буурч бүртгэгдсэн бол номхон далайн баруун бүсэд 46 хувь өссөн. Энэхүү өсөлт БНСУ, БНХАУ (Хонконг-Шэнжян) зэрэг улсуудад бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байна. Цаашдаа Хятадын өмнөд хэсгээс хойд хэсэг рүүгээ тархах эрсдэлтэй хэмээн мэдээллээ. Мөн ДЭМБ аюултай анхаарал татах хувилбар буюу халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөр хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал гэж мэдээлсэн талаар болон улс орнууд ирэх өвөл томоохон давалгаа үүсэх магадлалтай гэж тооцон эрсдэлт бүлгийн иргэдээ нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөж буй тухай мэдээлэл өглөө.
Мөн “Манай улсын хувьд өнгөрсөн хоногийн байдлаар коронавирусийн халдвар авсан иргэн орон нутагт 17, нийслэлд 80 бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн сайд мөн мэдээлэлдээ томуу төст вирус эргэлт буюу орчилд байгаа бөгөөд гурван аймагт дэгдэлт, зургаан аймаг идэвхжлийн түвшинд, нийслэлд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Менингококкын нөхцөл байдлын тухайд он гарсаар нэг болон дөрвөн настай хоёр хүүхэд менингококкоор өвдсөн. 0-5 насны хүүхдүүд эрсдэлтэй ба шүлсээр, амьсгалын замаар халдварладаг. 1-5 дугаар саруудад дэгдэлт гардаг’ гэв.