Хууль хяналтын байгууллагынхан яг өнөөдрийнхөө ярьж байгаа шиг шалгаж чадвал Хөгжлийн банкнаас их “юм” гарна. Тэр хэрээр эрх мэдлээ урвуулж ирсэн шударга бусын системд бага ч гэсэн гэрэл гийж мэдэх юм. Гэхдээ эцсийг нь үзэж, үр дүн гараагүй цагт итгэхэд нэн бэрх. “ЖДҮ”-ийн хэргийн араас замхрах магадлал ч өндөр.
АТГ-аас Хөгжлийн банктай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 10 гаруй хүнийг саатуулж, заримыг нь 30 хоног хорихоор болов. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Мөн АТГ-аас мэдэгдэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон гэх бүх мэдээллийг шалгаж тогтооно. УИХ-ын гишүүн, сайд эсэх нь хамаагүй. Зарим нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр шалгалт, баривчилгаа үргэлжлэх бололтой.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөхийг үүрэгджээ. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгав.
Ерөнхий сайдын үүргийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн чөлөөлөгдөж таарах нь. Тэдгээрийн тав нь яамны газрын дарга, ТНБД бол дөрөв нь хараат бус гишүүн юм. Тодруулбал, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир ажилладаг. Гишүүдээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар ажилладаг. Харин хараат бус гишүүнээр Аудитын хорооны дарга Р.Мөнхтөр, Нэр дэвшүүлэх хорооны дарга М.Золжаргал, Цалин урамшууллын хорооны дарга Н.Батнасан, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат нар байгаа юм.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин