Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн хэмээх арга хэмжээ болж байна. Уг арга хэмжээн дээр С.Эрдэнэ өөрийгөө АН-ын дарга гэж тодотгоод хэлсэн үгэндээ “Улс оронд маань хэмжээ хязгааргүй эрх дарх эдэлж байгаа коммунист угшилтай МАН-ын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг зориуд хэлье. Би өнөөдөр АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд хэлэхэд МоАХ-ны гишүүд, дэмжигч бид сэрэх цаг болсон. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ын тамгыг шилжүүлж өгсөн. Гэвч 15 жил МоАХ юу хийсэн бэ? Унтаж ханалаа шүү дээ. Эрх баригчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Цаашид ч өөр олон эрхийг маань хаах гэж оролцож байна. Ийм нөхцөлд МоАХ сэргэж босч ардчиллын үнэт зүйлээ, ардчиллаа хамгаалах цаг болжээ. Ардчиллын бий болгосон үнэт зүйлийг хамгаалах үүрэг бол МоАХ-ын үүрэг.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сая огцордогХ.Баттулга АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон. Бид түүний төлө эрвийх дэрвийхээрээ ажилласан. Харамсалтай нь тэр хүн ардчиллын хайрыг даагаагүй. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж чадсан шигээ 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж чадсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Өнөөдөр ардчилал шударга ёс хаачсан бэ? Баастай бурхан толгой дээрээ залах байсан бол 1990 оны хувьсгал хийх хэрэг юу байсан юм бэ?. Эцэст нь хэлэхэд эрх баригчдын эсрэг босч чадах, тэмцэж чадах цорын ганц байгууллага бол МоАХ ” гэгчлэн экс Ерөнхийлөгч рүү хатуухан үг чулуудав. Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж, гавьяат жүжигчин Д.Сосорбарам нар оролцож байгаа юм байна.
С.Баярмаа