Ахуйн хүрээний архидалт жилээс жилд нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй байна. Гэр орноосоо гадна орц, гудамж, хүүхдийн тоглоомын талбайг архидах орчин болгон хувиргадаг хүмүүс дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдвараас нэг их дутахааргүй хор уршиг тарьж байгаа юм. Яагаад гэвэл тэд дуртай газраа нохой шиг сарьж, хог тарьж, нус цэр, шүлсээ ямар ч хяналтгүйгээр цацдаг. Хогийн саванд уусан архины шилээ, татсан тамхины ишээ хаях ойлголт тэдэнд байхгүй.Түйвээгээд өнгөрсөн газарт нь хүүхэд сэтгэл амар тоглох арга байхгүй. Хагарч бутарсан архины шил, хаа сайгүй шидэлсэн тамхины иштэй газар та ч хүүхдээ тоглуулж чадна гэж үү?
Улаанбаатарын хөрсний бохирдолд тэдний оруулж буй “хувь нэмэр” даанч их. Хөрсний бохирдол халдвар өвчний эх үүсвэр гэдгийг цэцэрлэгийн хүүхэд ч гадарлана. Нийслэлийн хөрсний 70 гаруй хувь нь нянгийн бохирдолтойг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удлаа. Ахуйн хүрээний замбараагүй архидалтыг багасгахын тулд засаг захиргааны бүх шатны байгууллагууд хууль хяналтынхантай хамтран дорвитой ажил зохиох цаг болжээ. Ахуйн хүрээнд архидагчдын нийгэмд учруулж буй өөр нэг ноцтой хор уршиг нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгаа явдал юм. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэхүү “Иргэд хэсэг бүлгээрээ нэгнийхээ гэрт цуглан баяр тэмдэглэх нэрийдлээр архидан улмаар хэрэлдэж, маргалдан нэгнийгээ зодож, санаатайгаар нэгнийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргүүд бүртгэгдсээр байнга. Дийлэнх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээний архидалттай холбоотой гарч байна. Нэг тоо баримт дурдвал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт 102 иргэн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.1 дахин, үүнээс эмэгтэй хүн холбогдсон хэрэг 31 буюу өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн тоон үзүүлэлт гарсан’ хэмээн анхааруулсныг энд зориуд онцлоё.
Гэр орондоо архидах үзэгдэл хавтгайрч байгааг захын СӨХ-ны үйлчлэгч нотлоод өгнө. Хогийн пункр, сав тэр чигээрээ архи, пивоны шил, лаазанд дарагдах үзэгдэл бүх орон сууцанд нийтлэг үзэгдэл болсон нь маргахын аргагүй үнэн. Хамгийн аймшигтай нь цагдаагийн байгууллагын анхааруулж байгаагаар ахуйн хүрээнд архидаж байгаа хүмүүс хоорондоо маргалдаж, улмаар зодолдож, нэгнийхээ амь насыг ч хохироох тохиолдол гарсаар байгаа юм. Мөн цонхоор архины шил болон хүний биед хохирол учруулахуйц зүйл шидэх үзэгдэл түгшүүр төрүүлж байна.
Д.Дорж