Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хамгийн их хэлмэгддэг нь эгэл ард түмэн. Хэдхэн хоногийн өмнө нийслэлчүүдийн хамгийн гол хэрэглээ болсон “Атар” талхны үнэ нэмэгдлээ. Нэрийн барааны дэлгүүртээ 1200 байсан талх 1400 болж, дэлгүүрт 1500-1600 төгрөгөөр зарагдаж байна. Энэ талаар худалдан авагчдын сэтгэгдлийг сонслоо.
-Бүх юмны үнэ өсч байна. Нэг өглөө босоход л өсчихсөн байх юм. 20-30 төгрөг нэмдэг бол одоо яая гэхэв. Гэтэл хүнсний бүтээгдэхүүний үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгддэг болсон нь галзуурал. 9 дүгээр сарын 1-ний өдөртэй зэрэгцээд хүнсний үнэ нэмэгдээд байхаар хэцүү байна. Амьжиргаанд үнэхээр нөлөөлж байна. Хэдхэн хоногийн өмнө “Номин” дэлгүүрт “Атар” талх 1999 төгрөг байсан юм. /Баянзүрх. 5 дугаар хорооны иргэн Н.Сайханбат/
-Талх, нарийн боовны үнэ өссөнөөс болоод манай байрныхны худалдан авах чадвар эрс муудлаа. Бид “Атар” талхыг 1300 төгрөгөөр зардаг байсан. Одоо 1500 болсон. Ингээд өсчихөөр хүмүүс дургүйцэх нь аргагүй. Гэр хороололд талхыг 4 хувааж зардаг гэсэн. Одоо 5 хуваадаг болох биз. /Баянзүрх дүүрэг. Нэгэн 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч/
-Төрөөс аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн биз дээ? Яагаад үнээ нэмж байгаа юм бэ? Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байхад ингэж болохгүй! Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар одоо л ажлаа хийх хэрэгтэй. Үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хатуу арга хэмжээ аваач. /С.Болд. Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо/