Засгийн газрын 100 дахь хоног тохиож буйтай холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Ирэх долдугаар сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Цахилгаан, дулаан, ус, татварын хөнгөлөлт, Хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Гэхдээ хэрвээ долдугаар сарын 1 гэхэд цар тахлын тархалтын хор нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үрэлжлүүлнэ гэж тооцож байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ. Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Хүүхдийн мөнгө, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Эдгээр зардлууд нь төсөв дээр ихээхэн ачаалал үүсгэж байгааг иргэд ойлгож байгаа байх” гэлээ.