УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нарын хооронд ширүүн маргаан өрнөв. Н.Алтанхуяг гишүүн “МАН Цэцийн гишүүний асуудал дээр хууль зөрчиж байна” гэсэн бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Н.Алтанхуяг та олон юм битгий ярь. Хамар дор хагархай гэдэг шиг ингэж хамаагүй ярьж болохгүй. Би үгээ хэлж байна. Эрхээ эдэлж байна. Та бол Х.Баттулгыг дагаж явж хамаг юмаа цайруулчихаад өнөөдөр юу яриад байна вэ? Та бол эдийн засгийг элгээр нь хэвтрүүлсэн хүн биз дээ” гэгчлэн хариу барив. Улмаар санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
С.Болд