МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа.
Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж, тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа хэллээ.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад Засгийн газар анхаарахыг хүсэв.
Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа нар оролцлоо.
Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.