2012 оны 1 дүгээр сарын 22-нд Дарханд хотын 9 давхар орон сууцанд “Дашваанжил” компанийн газ дэлбэрч олон айл осолд өртсөн харамсалтай гашуун түүх мартагдаагүй байна. Ердөө тавхан литрийн баллонтой газ дэлбэрэхэд тэр байшин нурах шахсан юм. Хэрвээ 40 литр газ дэлбэрсэн бол ямар аймшигтай аюул дагуулах байсан нь дэндүү тодорхой.
Уг нь хоёроос дээш давхар барилгад шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг байрлуулж, ашиглах, хадгалахыг хориглодог! Харамсалтай нь суурин соёл иргэншилд төлөвшиж амжаагүй хүмүүс өнөөх л хэнэггүй зангаараа орон сууцанд газ хэрэглэдэг байдал арилахгүй нь. Өчигдөр л гэхэд Баянзүрх дүүрэгт орших Саруул хотхоны 113 дугаар байранд ахуйн хэрэглээний газ дэлбэрч нэг иргэн маш хүнд түлэгдлээ.
Орон сууцанд газ хэрэглүүлэхгүй тал дээр Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын байгууллага, цагдаа, тухайн байрны СӨХ онцгой анхаарах шаардлагатай байна! Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хотын захиргаа, УИХ, Засгийн газрын түвшинд ч анхаарлаа хандуулж яагаад болохгүй гэж ?!
16 давхар орон сууцанд 30-50 литр газ дэлбэрлээ гэхэд ямар гай гамшиг учрахыг төсөөлөхөөс ч аймаар. Бас нийтийн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газрууд газ хэрэглэж байгаа нь яах аргагүй бодит эрсдэл! Мэргэжлийн байгууллагууд Зөвлөмж нэртэй ганц хуудас цаас өгчихөөд санаа амар суух биш явж хяналт хийж, хариуцлага тооцооч ээ! Худалдан борлуулалт, худалдан авалтын тал дээр хатуу хяналт тогтоохгүй бол өнөөх л сурсан зангаараа ниргэсэн хойно нь хашгирах вий! 2019 онд ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болсон эмгэнэлт хэрэг манайд том сургамж үлдээсэн байх учиртай.
Д.Лхагва