Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, хүнсний дэлгүүр, ресторан, кафены ажиллах цагийг богиносгосон. Энэ нь үр дүнгээ өгсөн гэдгийг оршин суугчид хэлж байна. Тухайлбал, БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн Н.Бямба “Манайх Жуковын хөшөөний хойно шинээр баригдсан орон сууцанд нүүж ирсэн. Хотхоны байрууд бүгдээрээ дэлгүүртэй. Зарим байранд нь 2 дэлгүүр ажиллаж байна. Бүгд архи зарах эрхтэй гэсэн. Уг нь орон сууцны нэг давхарт архи зарах зөвшөөрөл олгох хууль дүрэм байдаггүй байх аа? 22 цаг гээд дэлгүүрүүд хаалгаа барьснаар хөл хөдөлгөөн эрс багасч, оршин суугчдын амгалан тайван амьдрах нөхцөл сайжирсан. Хуучин 24 цаг хүртэл ажилладаг байхад зарим дэлгүүрүүд нь цагтаа хаалгаа барихгүйгээс архидах үзэгдэл хавтгайрдаг байсан юм. Гэтэл хөл хориог хэсэгчлэн тавихаар болж, дэлгүүр, баарнуудын ажиллах цаг уртсах гэнэ. Энэ нь зуны улиралд оршин суугчдад халгаатай шийдвэр гэж бодож байна. Шөнөжин цонхны дор согтуу хүмүүс орилолдож, эрсдэлтэй орчин үүсдэг юм. Архи зарах цагийг богиносгооч. АНУ-д гэхэд 22 цагаас хойш архи зардаггүй, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдаалахыг хориглодог. Бид ч гэсэн хамаг гэмт хэргийн үндэс болсон архины худалдаан дээр хатуу хяналт тавих хэрэгтэй байна. Дэлгүүрийнхэнд мөнгө хэрэгтэй бол иргэдэд амар тайван, эрсдэлгүй орчин илүү чухал байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн заалт хэрэгжих цаг болсон” гэлээ. Тэрбээр мөн дэлгүүрээр үйлчүүлж байгаа хүмүүс амны хаалтгүй явах нь элбэгшсэн учир иргэдээс гадна дэлгүүр ажиллуулдаг хүмүүст шаардлага хүргүүлэх хэрэгтэй гэв.
С.Саруул