Монголын хуулийг үл огоорогч “Петрочайна Дачин тамсаг”
“Петрочайна Дачин тамсаг” ХХК нь 2005 оноос хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд хүрээлэн буй орчиндоо олон сөрөг нөлөөлөл үзүүлж буйг төрийн байгууллагынхан ярьдаг хэдий ч дорвитой арга хэмжээ авсан нь үгүй. Өнгөрсөн жил гэхэд 300 гаруй зээрийн сэгийг шөнийн цагаар булж буйг нь нэгэн иргэн цахим сүлжээнд нийтэлсэн. Үүний мөрөөр Засгийн газар ажлын хэсэг байгуулан тус компанийн үйл ажиллагааг шалгасан. Үүнээс гадна Монгол Улсад татвар төлдөггүй, гүний ус ашиглах зөвшөөрөл авдаггүй зэрэг олон асуудал бий. Гэвч энэ бүрд анхааруулаад л өнгөрч буй нь Монгол Улсын хууль тэдэнд үйлчилсэнгүй гэх хардлагыг төрүүлж буй юм.
Байгууллагын үйл ажиллагааны товч мэдээлэл
Эрх, үүргийг умартагсад
https://cdn.knightlab.com/libs/timeline3/latest/embed/index.html?source=1BRbqxRL3G5ySt1eYpfmphtDkwtS2h72k8Mq1RZrbJDs&font=Default&lang=en&initial_zoom=2&height=650cdn.knightlab.com
Татвар төлдөг эсэх нь нууц гэж үү?
Бид Дорнод аймгийн Татварын газрын байцаагчтай холбогдож дараах мэдээллийг авлаа
Байгууллагын нууцыг хамгаалах тухай хуулиас үзэхэд татварын мэдээллийг олон нийтээс нууцлах ёсгүй юм байна. Бид “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ий үйл ажиллагаа иргэдийн эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалсан эсэхийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулахад “Бид энэ талаар мэдэхгүй байна. Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсээс асуугаарай” гэсэн юм.
Дорнод аймгийн ЭМГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн “Холбогдох хүнийх нь дугаарыг өгье. Би энэ асуудалтай ямар ч хамаагүй хүн. Хэдийгээр би хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ч усны асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулсан нь дээр байх. Тиймээс түүнтэй холбогдоно уу. Манай хэлтэст тэр талаарх мэдээлэл байхгүй” гээд НЭМҮТ-ийн мэргэжилтэнтэй холбогдох дугаарыг өгсөн юм.
НЭМҮТ-ийн мэргэжилтэн н.Будбилэг “Иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгаа байхгүй. Тухайн аймгийн ЭМГ-ын хяналт шинжилгээний хэлтсийн орчны эрүүл ахуйн байцаагч нар үнэлгээ хийдэг” гээд н.Номин гэх хүнтэй холбоо барих дугаарыг өглөө.
Дорнод аймгийн ЭМГ-ын Орчны эрүүл ахуйн байцаагч н.Номин “Энэ талаар манай хэлтсийн дарга мэдээлэл өгнө” гэсэн юм.
Дорнод аймгийн ЭМГ-ын Байгаль орчны хэлтсийн дарга н.Батхүү “Би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авсан байгаа. Надад ямар ч мэдээлэл байхгүй дээ” гэлээ. Түүний ажлыг орлон гүйцэтгэгчтэй нь холбоо барих дугаарыг асуутал утсаа тасалсан юм. Энэ мэтчилэн бие бие рүүгээ түлхсээр бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм. Энэ хүмүүс хариултыг нуугаад байна уу, аль эсвэл огт мэдэхгүй байна уу.
Б.Ариунтуяа: Ёстой мэдэхгүй байна
Бид Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ-ын дарга Б.Ариунтуяатай холбогдож дараах мэдээллийг авлаа.
-Өнгөрсөн жил “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ий эзэмшил газар дээр зээр үхсэн. Энэ талаарх дүгнэлт гарсан уу?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ зээр үхсэн нь үнэн.
-Хэд орчим тооны зээр үхсэн талаар мэдээлэл бий юу?
-Ёстой мэдэхгүй байна.
-Дахиад ийм явдал гарсан уу?
-Үгүй ээ. Энэ жил манай нутаг зудтай байсан болохоор мал их үхсэн. Тэр жил зээр ихээр үхсэн. Юунаас болсон тухай мэдэхгүй байна.
-Ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, эрх ашгийг нь зөрчдөг талаар мэдээлэл байсан. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл ЗДТГ-т ирж байсан уу. Үйл ажиллагааг нь шалгадаг уу?
-Гомдол ирдэггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдол байддаггүй шүү дээ.
-Малчдаас гомдол санал хэр ирдэг вэ?
-Сумын иргэд гомдол гаргаад байдаггүй.
-Эднийх 3000 метрийн гүнээс ус ашигладаг. Гэвч гүний ус ашиглах тусгай зөвшөөрөлгүй гэсэн. Энэ талаар?
-Тэр талаар ёстой мэдэхгүй. Ус ашиглах гэрээгээ аймгийн Байгаль орчны газартай жил бүр хийдэг. Аль худаг нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй вэ гэдгийг мэдэхгүй.
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан хүн амын эрүүл мэнд болоод амьтдад хохирол учруулсан тохиолдол бий юу?
-Тэр талаар ёстой мэдэхгүй байна. Сумын ЗДТГ-т албан ёсоор хандсан Петрочайнатай холбоотой гомдол байхгүй.
-Албан бусаар ирсэн гомдол байдаг гэсэн үг үү?
-Албан ёсоор ирсэн гомдол байдаггүй. Усны тухайд аймгийн Байгаль орчны газартай гэрээ байгуулаад жил бүр сунгаад гэрээнийхээ дагуу усны төлбөрөө төлөөд явдаг.
-Байгаль хамгаалагчтай нь холбоо барих мэдээллийг өгч болох уу?
-Манай сум байгаль орчны байцаагчгүй байгаа. Байгаль хамгаалагчийн албан тушаалд шинээр нэг хүн томилогдон ажиллаж байгаа.
Матад сумын ЗДТГ-ын дарга Б.Ариунтуяа бидэнд газрын даамалтай холбогдох дугаарыг өгсөн юм. Гэвч газрын даамал нь завгүй учраас ярих боломжгүй байна гэсэн.
Бид “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д 10 жил оператор хийж буй хүнтэй холбогдож дараах мэдээллийг авлаа.
-“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК гүний ус ашигладаг хэр нь ус ашиглах зөвшөөрөл аваагүй гэсэн. Энэ тухай мэдээлэл танд бий юу? 3000 метрийн гүн дэх усыг ашигладаг. Ашигласан усаа газрын гадарга дээр ил асгачихдаг гэсэн?
-Үгүй байх аа даа. Газрын тостой хамт газрын гүнээс ирж байгаа ус цэвэршүүлэгдээд, шахалтаар буцаад газрын гүн рүү ордог. Газрын гадарга дээр асгана гэж байхгүй байх.
-Танай байгууллага ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр хэмжээнд хангадаг вэ? Өнгөрсөн жил нэг хүн ажлын байран дээрээ нас барсан гэсэн мэдээлэл байсан даа?
-Тэр хүн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан байх. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд ер нь гайгүй. Хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт сайтай.
-Байгаль орчин, амьтад болон иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар?
-Тэр жаахан онцгүй байх.
-Ноднин жил зээр үхсэн гэсэн. Тэр асуудал юу болсон бэ? Ухсан нүх их байдаг юм уу?
-Энд тэнд ухсан нүх бараг байхгүй. Өрөмдлөг хийсний дараа тухайн газрыг хашаалж байгаад булдаг.
-Цалингаа цаг тухайд нь олгодог уу? Ажилчдынхаа эрх ашгийг их зөрчдөг гэсэн?
-Цалин жаахан бага. Гэхдээ орох ёстой цагтаа ордог.
-Ажилчдынх нь ихэнх нь монгол хүн үү, хятад хүн үү?
-Монголчууд
-Танай байгууллагын тухай сошиал дээрх сөрөг мэдээллүүд үнэн байдаг уу? Эсвэл хий хоосон сенсац байдаг уу? Петро Чайнад ихэвчлэн ямар асуудал тохиолддог вэ?
-Мэдэхгүй байна. Дээгүүрээ л мэддэг байх.
-Танай удирдах албаны хүмүүстэй холбоо барих дугаарыг өгч болох уу?
-Тэд нар бараг хариулахгүй дээ. Юу ч ярихгүй. Гадны хүнд мэдээлэл өгөх дургүй байдаг.
-Ажлын талбай нь олон хэсэгт хуваагддаг юм билээ. Нийт хэчнээн хэмжээний талбайг хамарч үйл ажиллагаа явуулдаг вэ? Хэсгүүд нь ялгаатай үйл ажиллагаа явуулдаг уу?
-Үгүй. Бүгд яг адилхан.
-Ямар аргаар олборлолт хийдэг юм бол?
-Усан шахалтын аргаар газрын тос олборлодог. Газрын гүнээс ус, тосоо авна. Тэгээд усаа ялгаад, бохирдлоо цэвэршүүлээд шахалтаар гүн рүү шахна. Ингэснээр газрын тос нэг талдаа ялгардаг.
-Газрын гүн рүү олон жил ус шахах нь газар хөдлөлт үүсэх нөхцөл болдог гэж судлаач ярьсан байдаг. Энэ талаар?
-Үгүй байх. 1000 метрийн гүнд ямар нэгэн нөлөө байхгүй шүү дээ.
Хүрээлэн буй орчиндоо үзүүлж буй нөлөө
1900–2000 оны хооронд дахь газар хөдлөлтийн давтамжийг 2010–2020 оныхтой харьцуулахад зүүн аймагт илүү нэмэгдсэн байгаа нь харагдаж байна.
1900–2000, 2000–2021
“Петрочайна Дачин тамсаг” компанийн газар тос олборлодог гэх Дорнод аймгийн Матад сумын орчимд хүнд мэдрэхүйц хүчтэй буюу 3.5-аас дээших нь олон харагдаж байна. Газар хөдлөлтийн хэзээ болохыг урьдчилан мэдэх боломжгүй байхад давтамж нь нэмэгдэж буй хүчтэй хөдлөлтийн өмнөх үе гэж үзэх мэргэжилтнүүд байх юм билээ. Газрын гүн рүү ус шахсан нь яагаад газар хөдлөлт болоход нөлөөлдөг гэж гэсэн асуулт урган гарна. Үүний хариулт нь их хэмжээний ус газрын гүнд орсноор хөрсний бүтцийг алдагдуулдаг. Тиймээс буцаж өөрийн хэвийн төрхөмдөө орохын тулд чичирхийлдэг юм.
М.Өлзийбат:Тус компанийн нефть олборлож буй талбайд газар хөдлөөд байгаа
“Газар хөдлөлтийн давтамж дахь зураглалаас нь харахад зүүн аймгуудад өмнө нь ийм аюул бараг л учирч байгаагүй. Гэтэл газрын тос олборлож буйтай холбоотойгоор газар хүчтэй хөдлөх боллоо. Ийм шалтгаанаар газар хөдөлсөн тохиолдол сүүлийн үед 4–5 бүртгэгдсэн. Идэвхтэй голомтгүй бүс нутаг бүс нутаг атлаа газар хүчтэй хөдөлж байгаа гэсэн үг. Уул уурхайн ямар үйл ажиллагаа илүү нөлөөлөх вэ гэдгийг нь анхаарах чухал. Газрын гүн рүү шингэн зүйл шахах үед чичирхийлэл үүсгэдэг. Үүнийг хүний үйл ажиллагаагаар өдөөгдсөн газар хөдлөлт гэнэ. Тухайлбал, “Петрочайна дачин Тамсаг” компани олон жил газрын тос олборлохдоо их хэмжээний усыг газрын гүнд шахсан. Энэ нь газар хөдлөлт үүсэхэд нөлөөлөөд байна. Тус компанийн нефть олборлож буй талбайд газар хөдлөөд байгаа учраас ингэж дүгнэхэд хүрч буй юм” гэлээ.
Японы Шинжлэх ухаан технологийн агентлагийн цахим сэтгүүлд дурдсанаар “Японы төв хэсэгт орших 1800 метрийн гүн худаг руу 2883 м3 хэмжээтэй ус шахсан. Шингэнийг шахаж эхэлснээс хэд хоногийн дараа 2-4 км-ийн зайд хэд хэдэн бичил газар хөдлөлт болсон. Эдгээр газар хөдлөлтийн нарийвчилсан судалгаанаас үзэхэд энэхүү газар хөдлөлтийн идэвхжил нь нийлүүлж буй устай холбоотой бололтой” гэжээ. Түүнчлэн газар луу их хэмжээний ус шахаж, олборлолт явуулах нь газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлж буй талаар олон улсын судлаачид онцолжээ.
Монгол орны нутаг дэвсгэр болон хилийн ойролцоох бүс нутагт болсон газар хөдлөлтийн төвийн тархалтын зураг.
Шувуудын “оршуулгын газар”
“Олон жил үргэлжилж буй энэ “аллагын” талаар Петро-Чайна Дачин тамсаг руу Монголын шувуу хамгаалах төв хоёр ч удаа албан тоот явуулж энэ асуудлыг яаралтай шийдэж шонгоо аюулгүй болгож махчин шувуудыг хамгаалах талаар шаардлага явуулсан” хэмээн Монголын шувуу хамгаалах төвөөс мэдээлэв. Тэдний хэлж буйгаар 2–3 удаа шувуудыг гэмтээ үхэлд хүргэж буй цахилгааны шонгуудаа стандартад нийцүүлэн шинэчлэхийг шаардсан байна. Гэвч өдийг хүртэл энэ байдлаа засаагүй аж.
Зээр олноор үхсэн нь цаг агаарын л буруу гэж үү?
Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 12-нд дүгнэлтээ танилцуулсан байна. Үүгээр “Зургаан төрлийн лабораторийн шинжилгээнээс гадна зээрийн бүтэн хоёр сэгэнд хийсэн шинжилгээ хийсэн дүнгээр гоц халдварт, халдварт өвчний үүсгэгч хүнд металл, цацрагийн бохирдол хордлогын шинж тэмдэг илэрсэнгүй. Задлан шинжилгээний явцад мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр ямар нэгэн химийн бодис, хордлогын хурц үнэр, өнгө, шинж тэмдэг ажиглагдсангүй. Тухайн орон нутагт ганц зээр биш, бог малын хорогдол маш өндөр байсан зэргийг харгалзан үүнийг байгаль, цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байна” хэмээсэн байна.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс тус компанитай холбогдох гэсэн ч холбогдох хаяг олдсонгүй.