Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгойн гэрээний асуудал хариуцсан сайд байсан М.Энхсайханыг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байна. Нийслэлийн прокурорын газраас түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Гэтэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж АН мэдэгдэл гаргажээ. Хамгийн инээдтэй нь хууль шүүхийн байгууллагын гаргасан шийдвэрийг МАН-д хамаатуулах гэж оролдсон нь шог харагдаж байгаа юм. “Эрх баригчид 60 тэрбум, хүчин, ЖДҮ-гийн хэргээ халхавчлахын тулд АН-ын гишүүдийг дарамтлах, сүрдүүлэх ажиллагаа явуулж байна” гэдэг мессежийг мэдэгдлээрээ дамжуулан цацаж байна.
МАН-ын хувьд 60 тэрбум, хүчин, “ЖДҮ”-гийн хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудын толгойг хэзээ ч илээгүй. Бүгдээрээ хуулийн дагуу шийдэгдсэн. Нөгөө талаар М.Энхсайхан бол АН-ын гишүүн биш. 1998 онд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтнүүд “Ардчилсан холбоо” эвслийнхээ анхны Засгийн газрын тэргүүн М.Энхсайханыг огцруулах хорыг амжилттай найруулснаас хойш мань эр нэг хэсэгтээ намдаа жийгдсэн ч 2002 онд Д.Дорлигжавыг явуулж, АН-ын дарга болж дөнгөсөн түүхтэй. Гэхдээ Р.Гончигдорж, З.Энхболд нарын хуучин соцдекцүүд түүнд удаан боломж олгоогүй юм. Өөрөөр хэлбэл, 2004 оны сонгуулийн дараа “Эх орон-Ардчилал” эвслийг тарааж, М.Энхсайханаас намынхаа тамгыг хүчээр булаан авч билээ. Тэр цагаас хойш М.Энхсайхан АН хоёрын зам эргэж буцалтгүй салсан даа. Салсан ч гэж дээ, 2006 оны 1 дүгээр сард Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн Засгийн газар гэгчийг М.Энхболд даргатай МАН огцруулсны дараа М.Энхсайхан албан тушаалын төлөө шинэ нам байгуулж, улмаар Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Шадар сайдаар заларсан билээ.
Тэгээд ч түүнийг хамгийн их “хорлосон” хүн бол З.Энхболд. Энэ хүн УИХ-ын дарга байхдаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 6-нд “Тавантолгойн гэрээний албан бичгийг баталгаажуулан өнөөдөр Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэж, гэрээнд гарын үсэг зурахыг санаархсан сайд нарыг огцруулах саналыг өргөн барих болно” гэж мэдэгдсэн нь яван явсаар өнөөдөр М.Энхсайханыг ийм байдалд хүргээд байна. З.Энхболд Тавантолгойн гэрээг гадаадынханд ашигтайгаар үзэглэх гэж байсныг зогсоож, тэрхүү орд газрыг Монголын ард түмэнд үлдээсэн гэдэг байр суурь дээрээ одоо ч хэвээр байгаа. Гэхдээ тэр хүн өнөөдөр АН-ын даргын ахлах зөвлөх шүү дээ. Нам нь өөрийнх нь “дайсан” М.Энхсайханыг өмгөөлсөн мэдэгдэл гаргачихсан үед ахлах зөвлөх маань юу бодож суугаа бол? АН үндсэндээ З.Энхболдыг үгүйсгэсэн мэдэгдэл гаргачихлаа.
Д.Дорж