Н.Алтанхуягийн мэдэгдэл АН-д дахин аянга буулгалаа
Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр “… Монголын ирээдүй, Монголын ардчилал, тэр дундаа АН-д маш том аюул нүүрлэж байгаа тухай сүүлийн хоёр жил тасралтгүй хэлж, сануулж, засах гэж оролдсон. Гэтэл сайжрах нь битгий хэл улам дордож буй тул өнөөдөр дахиж сануулж хэлье. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр С.Эрдэнэ ч дуугарах бүртээ намынхаа нэр хүндийг улам унагаж, өнөөдөр АН маань нам биш төрийн эрх мэдлийн төлөөх хар зах болж хувирч байна. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар АН-д мөнгөний босго тавьж, мэдлэг чадвартай, Монголоо хөгжүүлэх сэтгэлтэй шударга гишүүд, залуусын нэр дэвших боломжийг хааж байна. Тэд газрын баялаг, газар дээрэмдэн баяжсан МАНАН мафид АН-ыг хаяж өглөө. Тэдний мөнгөнд барьцаалагдсан УИХ-ын гишүүдтэй болж болохгүй ээ, Монгол Улс. Өнгөн дээрээ С.Эрдэнэ сүг болж, үнэн хэрэгтээ АН-ыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Ц.Элбэгдорж гэдэг хүн амиа хоохойлохын тулд дахин АН-ыг тоглоомын нам болгож, бүх хонгилын гардан гүйцэтгэгч болсон Б.Хурцыгаа АН дээр суулгаад АН-аас хэн нэр дэвшихийг заагаад сууж байна. Ардчиллаа бодоод, АН-аа бодоод, улс эх орныхоо маргаашийн эрх ашгийг бодоод Ц.Элбэгдоржийн тоглоомоос гар, С.Эрдэнэ ээ. Намайг АН-аас хөөсөн, явсан гэх мэт худал мэдээллийг байнга тараасаар байна. Н.Алтанхуяг өнөөдөр АН-даа байгаа. Гэхдээ 100 сая төгрөг тушаагаагүй. Ардчиллаа хулгайлуулж, АН-аа дээрэмдүүлэхгүй гэж тууштай дэмжсэн. Гэвч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч гэгчийн үлгэр болсон” гэгчлэн мэдэгдлээ.
Түүний мэдэгдлээс харвал АН-д бас нэгэн том ан цав, хагарал үүссэн нь тов тодорхой боллоо. Н.Алтанхуяг “АН-ыг Ц.Элбэгдорж далдаас удирдаж байна” гэж мэдэгдсэн нь араасаа олон үр дагавар дагуулах, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр АН сонгуульд орох шаардлага байна уу, үгүй юү гэдэг асуудал бодитойгоор үүсэхийг үгүйсгэхгүй, тодорхой хүрээнд.
Н.Алтанхуягийн хувьд улстөр дэх орон зайгаа хадгалахын тулд АН-д нэлээд том байр суурь эзлэхийг хүссэн ч өнөө хэр тийм боломж олдоогүй нь Ц.Элбэгдоржтой холбоотой байжээ гэдэг гаргалааг түүний мэдэгдлээс харж болохоор байна. Экс Ерөнхийлөгчийг “Хонгилын эзэн” гэж удаа дараа зарласан, “нотолсон”, тэгж зүрхэлсэн хүн бол Н.Алтанхуяг. Үүнийхээ хариуд АН-аас хөөгдөх тушаалаар “шагнуулсан” гэж мань эр өөрөө хэлээд байна шүү дээ. 2019 оны 4 дүгээр сард “Намын өмч хөрөнгийг шамшигдуулсан, АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн гэх шалтгаанаар Н.Алтанхуягийг АН-аас хөөжээ” гэдэг мэдээ гарч байсныг уншигчид санаж байгаа. Энэ талаас нь харвал Н.Алтанхуяг өөрөө л намдаа байгаа гэж гүрийгээд байгаа болохоос биш хэдийнэ АН-ын гишүүн биш болсон мэт. Ц.Элбэгдорж түүнийг АН руу ойртуулахгүй, улстөрөөс шахах бодлогыг далдаас явуулж байна гэдэг санааг Н.Алтанхуяг ээлжит мэдэгдлээрээ тодорхой хэлчихлээ. Гэхдээ Н.Алтанхуяг өөр зорилго өвөртөлж байгаа болохоор буулт хийхийг хүсэхгүй байна. Энэ мэт АН-ын шинэ, хуучин лидерүүдийн зодоон АН дотор ноцож байгаа галыг их түймэр болгон хувиргаж мэдэхээр болчихлоо.
Д.Лхагва