БНСУ-д Үндэсний хурал буюу парламентын сонгууль болж байна. Өглөөний 06 цагт эхэлсэн санал хураалт оройны 18 цаг хүртэл үргэлжлэх аж.
БНСУ-ын парламент 300 гишүүнтэй бөгөөд дөрвөн жилийн хугацаатай сонгогддог юм. Тэдний 253 нь мажоритар системээр буюу шууд сонгогддог бол, үлдсэн 47 нь намын жагсаалт буюу пропорциональ системээр сонгогддог аж. Энэ удаагийн ээлжит сонгуулийн онцлог нь ард иргэдээ короновирусын улмаас тусгаарлалт, шинжилгээнд хамруулж байгаа онцгой нөхцөл байдлын үед болж байгаад оршино. БНСУ-ын Сонгуулийн хорооны мэдээлж байгаагаар иргэд санал хураалтад идэвхтэй оролцож байгаа учир ирц өндөр хувьтай байгаа аж.
Сонгогчид маск зүүж, хоорондоо нэг метрийн зайтай зогсон саналаа өгч байна. Мөн тэдний биеийн халууныг үзэж, бээлий тараан өгч байгаа аж.
Сонирхуулахад БНСУ ямарч үед ч сонгуулиа хойшлуулж байгаагүй бөгөөд 1952 оны хоёр Солонгосын дайны үеэр ч Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байжээ.
Б.Соёлт